2012/05/02

Бясалгалын ач тус


Бясалгал тогтмол хийснээр цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгт өртөх эрсдлийг багасгаж, дархлаа сайжирч, өвчин эсэргүүцэх чадвар нэмэгддэг байна.
Хурдацтай хөгжиж буй орчин цагийн шаардлагаар ихэнхи хүмүүс ажлын хэт ачааллаас болж стресст их хэмжээгээр өртөж байна. Хэтэрсэн их ажлаа амжуулахад цаг хугацаа, өдөр хоног хүрэлцдэггүй мэт санагддаг. Байнгын стрессээс бид ядаргаанд орж, уцаартай, тэвчээргүй болж,  сэтгэл санаагаар их унадаг. Энэ байдал эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай.
Харин өдөрт 10-15 минутын бясалгал хийх зав гаргаж сурвал оюун ухаанаа тайвшруулан төвлөрүүлж, тод сэтгэдэг болгон цаг хугацааг улам хожиход тусална.
Бясалгал хийх ач холбогдол:

  1. Анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ. Сэргэг оюун ухаан нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.
  2. Шаардлагагүй зүйлд санаа зовдоггүй болгоно. Бясалгал хийснээр бид өнгөрсөн болон ирээдүйн талаар бодож сэтгэлээ зовоолгүй, өнөөдрөөрөө амьдрахад суралцдаг. Ингэснээр ач холбогдолгүй зүйлд анхаарал хандуулахгүйгээр том хүрээнээс чухлыг нь олж харахад тусалдаг байна.
  3. Эрүүл мэндэд тустай. Хамгийн чухал нь бясалгал  нь стрессийг бууруулж, сэтгэл зовнилыг арилгаснаар эрүүл мэндийн хувьд маш их ач холбогдолтой.
  4. Өөрөө өөрийгөө танихад. Бясалгал хийснээр бид өөрийнхөө дотоод ертөнцийг илүү ойлгодог болно. Бясалгал хийснээр бид амьдралын гол утга учрыг мэдэрдэг болно.
Бясалгалын ач холбогдлыг ухамсарлаж хийхийг үнэхээр хүсвэл өдөрт 15-20 минутын хугацаагаар хөрөнгө оруулж чадвал тэр бүтэн өдрийн турш таны оюун санаа сэргэг болж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж ашигтай ажиллаж чадна. Бясалгал хийх нь дэлхий ертөнцөөс тасрах тухай биш, түүнд шингэх урам зориг хайрладаг. Хэрвээ та сэтгэлийн амар амгаланг мэдэрч чадвал хийж буй ажлаасаа таашаал авч, бүтээмж өндөртэй байх болно.
Хэрхэн бясалгах вэ?
Бясалгал хийхэд дадлага чухал. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бясалгалыг өдөр бүр хийх хэрэгтэй. Үүний тулд танд бясалгал хийхэд  саад болохооргүй тохиромжтой газар болон товлосон тодорхой цагтай болсон байхад л хангалттай.
  1. Нуруугаараа цэх суух. Хэвтэж бясалгал хийхэд унтах магадлалтай байдаг. Бясалгал нь тайвшрал болон амар амгалан мэдрэмжийг нэгэн зэрэг авчирдаг. Бясалгалын тайвшрал нь нойрсох үеийн тайвшралаас  нэлээд ялгаатай. Бясалгалын тайвшралын үед бид тун соргог, мэдрэмжтэй байж, ухаан мэдрэхүй маш өндөр түвшинд хүрдэг. Бясалагалын дараа бид ертөнцийг эерэгээр харж, илүү их эрч хүчтэй болох мэдрэмжтэй болж чадна.
  1. Бясалгал хийхийн өмнө хоол идэхгүй байх. Хоол идсэний дараа хоол боловсруулалт эрчимтэй явагдсанаас тархи нозоорлын байдалд ордог.
  2. Бясалгал хийхдээ завилж суух албагүй. Нуруугаа л цэх байлгаж чадвал сандал дээр суугаад хийсэн ч болно.
  3. Бясалгал хийхийн өмнө усанд орвол илүү үр дүнтэй.
  4. Заавал хүж, лаа асаах шаардлагагүй ч эдгээр сэтгэл санааг төвлөрүүлэхэд тус болдог.
  5. Бясалгал хийх хамгийн тохиромжтой цаг нь өглөөний 6.30-аас өмнө, хэрвээ та энэ үед нойрмог, тухгүй байвал хүссэн цагтаа, хүссэн газраа хийх боломжтой.
Бясалгалын үед нэг цэгт төвлөрөх чадамж
Бясалгал хийж сурахын тулд оюун ухаанаа нэг зүйлд төвлөрүүлж сурах хэрэгтэй. Бидний оюун санаа ихэнхдээ нэг цаг хугацаанд олон төрлийн ялгаатай бодлуудыг нэг дор багтааж байдаг. Та анх удаа бясалгал хийхээр сууж байхдаа бидний оюун санаа ямар замбараагүй байдалд байдгийг олж мэдэрнэ. Дадлага хийснээр оюун санаагаа удирдаж нэг зүйлд төвлөрч сурна.
Үр дүнтэй дасгалуудын нэг нь лааны дөл ширтэх юм. Лааны дөл рүү ширтэж, бусад бодлоо толгойноосоо авч хая. Хэрвээ таны анхаарал сарнивал, дахин эхэлж лааны дөлийг ширтэнэ. Бусад жижиг биетүүдийг (цэг, цэцэг гэх мэт) ч ашиглаж болох бөгөөд хамгийн гол нь зөвхөн нэг бодол дээр төвлөрөх нь чухал.
Мантра
Төвлөрч сурах өөр нэг арга нь мантра хэрэглэх юм. Мантра нь нэг төрлийн шившлэгийг давтан хэлдэг. Жишээлбэл, УММ!!! гэдэг шившлэгийг дахин дахин хэлнэ. Мантра шившлэгийн үеийн дууны долгио оюун ухааныг нэг бодолд төвлөрүүлж чаддаг.
Бодлоо хоослох
Оюун ухаанаа нэг зүйлд төвлөрүүлж сурахад  дараа дараагийн шатанд шилжинэ. Энэ нь бодлоо хоослох юм. Бодлоо хоослох нь амаргүй ч сурсан байхад үр дүн нь маш хүчтэй байдаг. Бодлоо хоослохын тулд оюун ухаанаа өөрөөсөө салгаж, түүнийг хөндлөнгөөс харах  дасгал хийнэ. Хэрвээ таны толгойд ямар нэгэн бодол орж ирвэл түүнийг таслан, оюун ухаанаасаа авч хаях зоримог шийдвэр гарга. Хэсэг хугацааны дараа та өөрийнхөө бодлуудыг удирдаж буйгаа мэдрэх болно. Бидний дотор буй жинхэнэ “би” маань бодлуудын цуглуулга биш, түүнээс хавьгүй гүн гүнзгий зүйл юм. Бясалгалын хамгийн гайхалтай мэдрэмж нь та өөрөө өөрийнхөө бодлуудын боол нь биш гэдгээ ухамсарлах явдал билээ.
Бясалгал хийснээр та өөрийнхөө бодол санааг удирдаж, бүрэн зогсоох чадвартай болдог. Хэрвээ бодлоо хоослож сурахад хэцүү байвал битгий бууж өгөөрэй. Хамгийн гол нь дадлага хийх нь чухал. Бясалгал хийх нь тун энгийн үйлдэл бөгөөд харамсалтай бидний оюун ухаан өмнөх муу зуршлуудаасаа хагацаж, амар амгаланг олоход багагүй хугацаа шаардлагатай байдаг.
БЯСАЛГАЛЫГ ТОГТМОЛ ХИЙДЭГ ЁС БОЛГОЖ ЗАНШААРАЙ. Олон жил бясалгалаар хичээллэсэн хүмүүс өөрсдийн наснаас биологийн хувьд 12 насаар залуу байдаг тул өдөрт 15-20 минут бясалгалд зарцуулсны үнэ цэнэ заавал гарна.