2012/05/28

Ертөнцийн үүсэл, бүтэц


 Бүхий л шашинд там, диваажин, ертөнц, үйлийн үр, сүнс гэх мэт үндсэн ойлголтууд байдаг. Тэгвэл үүнийг манай гариг ертөнцийн үүслийн эхнээс уламжлагдсан хамгийн эртний, ариун сургаал болох Ведийн номлолд хэрхэн бичиж үлдээсэн байдгийг та бүхэнд толилуулья.

Сансар ертөнцөд оршин байх тоймгүй олон ертөнцийн нэг нь манай орчлон юм. Бидний амьдарч буй энэ орчлон дээд буюу диваажин, доод буюу там, дунд буюу дэлхий гэсэн 14 гарагаас тогтоно. Тэдгээр дээр 8.400.000 төрлийн амьд амьтан оршин амьдрах ба түүнээс 400.000 төрөл зүйл нь хүнтэй төстэй бодгалиуд болно.
Манай орчлонгийн бүтцийн дээд төвшин нь Сатья, Тапас, Жанас, Махар, Свар, Бхувар, Бхур гэсэн долоон гараг, доод төвшин нь Атала, Витала, Сутала, Талатала, Махатала, Расатала, Патала гэсэн долоон гарагаас тогтдог.

Эндээс үзвэл 7 диваажин, 7 там гэдэг нь үндсэндээ өөр өөр энергийн түвшин бүхий гарагууд ажээ.

Бидний амьдарч буй дэлхий дунд төвшний Бхур хэмээх гаригийн системд хамаарах бөгөөд бусад гаригуудын дунд "Бхарта-варша" хэмээн алдаршсан болно. Манай Орчлонгийн хамгийн дээд гараг болох Сатьялока дээр амьдрагчдын насны хэмжээ дэлхийн тооллоор 15.680,000.000.000 жилтэй тэнцэнэ. Тэнд уйтгар гуниг, өвчлөл, хөгшрөлт хийгээд үхэл байхгүй. Тэдний оршин суугчид зовлон зүдгүүр гэж юу байдгийг мэдэхгүй. Тэдний амьдрал уруу дорой болгох зүйлгүй. Тиймээс орчлонгийн хэсэгчилсэн усталт сүйрэл болох үеэр сахиулсан тэнгэрүүд болон ид шидэт иогчид энэ гарагт хүрэлцэн очдог гэжээ.

Үхэшгүй мөнхийн, үргэлжийн жаргалтай орон гэж үлгэр домогт гардаг ертөнц бол үнэндээ диваажингийн дээд гарагууд ажээ.

Орчлонд цаг хугацаа, орон зайн 64 хэмжээст үйлчилж байдаг бол хүмүүн бидний мэдрэхүй гурван хэмжээсийг хүлээн авч мэдэрнэ.

Үүнээс үзэхэд хэмжээс нэмэгдэх бүрт оршихуйн түвшин дээшлэх бөгөөд хүний хувьд оюун санааны түвшинг дээшлүүлэх, гэгээрэлд хүрнэ гэдэг нь сүнсээр өөр ертөнцийн оршихуйг мэдэрнэ гэсэн үг болох нь.

Эх үүсвэр: Ведийн Сургаал, Их Оюунлаг Хүн Сэтгүүл

Ведийн Тухай мэдээллийг https://www.facebook.com/groups/224225797621136/doc/285726481471067/ 
линкээс авна уу.