2012/05/05

Энэрэхүйн бясалгал буюу Випашана бясалгал

    
Випашяна гэдэг нь “Бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй арга билээ. Випашяна бясалгал нь биднийг зовлонгоос, зовлонгийн гүн үндэстэй шалтгаанаас чөлөөлж, сэтгэлийг ариусгаснаар үнэн амгалан аз жаргалыг мэдрүүлдэг. Энэхүү бясалгал нь хүмүүнийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хир буртаг , нисванисаас чөлөөлж, оюун ухааны дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэдэг.

Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгал юм. Хүн төрөлхтөн түүнийг мартан өнө удаан жил болсон ч одоогоос 2500 жилийн өмнө Бурхан Гоутам өөрийн биеэр дахин нээн илрүүлж чадсан билээ. Випашяна гэдэг нь үнэнийг бодитогоор харж мэдэх гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгалаар хүн өөрийн сэтгэлийг ариусгах аргыг эзэмшдэг. Бясалгагч орж гарч буй амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, оюун санаагаа мэдрэмтгий хурц болгодог. Тийнхүү мэдрэмтгий хурц болсон оюун ухаан нь бие махбод, сэтгэл санаанд тэр бүү хэл ертөнцийн үнэн болох мөнх бус чанарыг ч нэгэн цагт ойлгон ухаарна. Чухам энэ үнэнийг биеээр мэдэрсэнээр хүний сэтгэл ариусч эхэлдэг. 

Випашяна бясалгал нь ямар нэгэн шашин шүтлэг, шашны бүлэглэлд хамаардаггүй. Ертөнцийн нийтлэг зовлонгоос ангижруулах  бүгдэд нэгэн ижил үйлчлэх эм мэт билээ. Тийм ч учраас энэ бясалгалыг ямарч шашин шүтлэгтэй, нийгмийн гаралтай хэн ч хэзээ ч, хаана ч чөлөөтэй хийж болох бөгөөд бүгдэд ижил сайн үр дүнгээ өгдөг нь батлагдсан юм. Випашяна нь үнэн чанартаа хүн төрөлхтөний зовлонгийн эх үүсвэр болсон хүсэл шунал, үзэн ядалт, мунхагийн гэмийг багасгах арга-зөв амьдрах ухаан юм. Энэ бясалгалаар тууштай хичээллэснээр хүн хуучин муу зуршлаасаа салж, нийгэмд өөрийн эерэг талыг харуулан, орчин тойрондоо аятай уур амьсгал бүрдүүлэхэд тусалдаг. Өөрийгөө өөрчлөн ариусгах нь хэзээ ч амар даваа байгаагүй. Үүний тулд зогсолтгүй ажиллах л хэрэгтэй. Өөрийн тань өмнөөөс таны төлөө хэн ч ажиллахгүй. Ганцхан та л өөрийнхөө төлөө зүтгэх  хэрэгтэй.  Энэ бясалгал жинхэнэ шийдвэртэй ажиллах, бясалгалын дүрэм горимыг чандлан сахиж чадах хүмүүст, тэдний сайн сайхны төлөө зориулагдсан зүйл юм шүү.  Эдгээр дүрэм горим нь энэ бясалгалын салшгүй нэгэн хэсэг юм.

Энэхүү бясалгалыг сурахын тулд Энэрэхүйн бясалгалын дэлхий даяар байрлах үнэ төлбөргүй зөвөлгөө, сургалт явуулдаг төвүүдэд хандах шаардлагатай болдог. Нэг удаад 10 хоногийн бясалгал хийх бөгөөд хоол, байрыг төвөөс үнэгүй хангадаг байна. Хөтөлбөрийн дараа хүн өөрийн сэтгэл ханамж, талархлын цар хүрээгээр хандив өгч болдог билээ.

Уг бясалгал дотроо хэд хэдэн төрлийн дасгалтай. Эдгээр нь амьсгал зохицуулалт, анхаарал төвлөрүүлэлт, төсөөлөн бодохуйн арга техникүүдийг ашигладага. Мөн амьсгалах, алхах, идэх, бодох, анхаарлыг удирдах гэх мэт өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэхүйц техникүүдийг бас заадаг.

Бясалгалын дүрэм горим: Арав хоног гэдэг дотоод сэтгэлийнхээ гүнд нэвтрэн орж буглаа болсон хир буртаг нисванысуудыг үндсээр нь устгахад мэдээж хангалттай хугацаа биш. Гэсэн ч бусдаас тусгаарлагдмал байж бясалгалаа тасралтгүй хийх нь үр дүнд хүрэх амжилтын үндэс болдог. Бясалгалын дүрэм горим ч үүнд зориулагдсан юм. Дүрэм горим нь багш хийгээд бясалгалыг зохион байгуулагчдын тусын тулд байдаггүй. Мөн ямар нэгэн ямар нэгэн шашны мухар сүсэг биш билээ. Бясалгал хийдэг хэдэн мянган хүний олон зуун жилийн хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан бүтээгдсэн дүрэм горимыг чандлан мөрдсөнөөр бясалгалын таатай уур амьсгалыг бүрдүүлж байдаг бол түүнийг зөрчих нь бясалгалын таатай уур амьсгалыг бохирдуулж орхидог. Бясалгагчид 10 хоногийн турш бясалгах ёстой. 

Үүнээс гадна бусад дүрэм горимуудыг сайтар уншиж танилцахыг зөвлөе. Бясалгалын дүрэм горимыг шудрагаар чандлан мөрдөж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа хүмүүс л бясалгалд суух зөвшөөрөл хүсэх хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ хичээн бясалгал хийхгүй хүн бусдад саад болоод зогсохгүй өөрийн үнэт цагийг ч давхар үрэх болно. Бясалгалд суухаар ирсэн хүмүүст бясалгалын дүрэм горим нь хатуу санагдаж бясалгалаа дуусгалгүй дундаас орхих явдал нь таагүй төдийгүй өөрт тань хор нөлөөтэй гэдгийг сануулах нь зүйтэй юм. 

Түүнчлэн олон дахин сануулсаар байхад дүрэм горимыг мөрдөхгүй байснаас болж таныг явахыг шаардахад хүрэх нь үнэхээр азгүй хэрэг болох билээ. Орон байрны үнэ: Ариун номын бясалгалыг заахад үнэ хөлс авахгүй. Байр зохион байгуулалт, ажилчдын хөлс, тээврийн зардал, татвар, ус, хоол, цахилгаан болон бусад зардал урьдын бясалгагчдын хандив, өглөгөөр төлөгддөг бөгөөдбясалгалын төв нь өөр ямар нэгэн орлогын эх үүсвэргүй билээ. Бясалгалын төвийн барилга байгууламж нь мөн л өглөг хандиваар баригддаг юм. Цаашдын бүх үйл ажиллагаа энэ л маягаар явагдах болно. Ариун номын уламжлалын дагуу бясалгалын төв нь зөвхөн бясалгал хийж түүний үр өгөөжийг хүртэн цаашид олон хүнд хүртээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах гэсэн ариун сэтгэлтэй хүмүүсийн өргөсөн их бага өглөгийг хүлээн авч түүнийгээ зөвхөн бясалгал зөвхөн бясалгал зохион байгуулахад л зориулдаг юм. Тийм ч учраас бясалгалд анхлан сууж байгаа хүмүүсээс өглөг авдаггүй. Харин бясалгал дууссаны дараа буяны сэтгэлээр өглөг өгч болно.


Эх сурвалж: http://vipassanamongolia.wordpress.com