2012/05/09

Мантрын буюу Тарнийн Бясалгал



Бясалгал гэдэг нь “ухаан санааны төвлөрөл” гэсэн утгатай бөгөөд ийнхүү төвлөрөхөд тодорхой нэгэн объект буюу тусагдахуун байх ёстой. Ухааныг эзэмдсэн өдөр тутмын түгшүүр зовиураас ангижран салахын тулд хүн материаллаг түвшингээс дээшлэн гарч трансценденталь, бурханлаг түвшинд батжин бэхжихийг хичээх хэрэгтэй. Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлж, Түүнтэй ийнхүү харьцсанаар үүнийг хийж болмой.

Янз бүрийн судруудад батлан өгүүлсэнчлэн, Бурхан: Кришна, Рама, Иегова, Аллах, Будда зэрэг болон өөр олон нэр алдартай. Бурханы ариун гэгээн нэр алдрыг давтан хэлж дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг бөгөөд хүнийг материаллаг түвшингөөс бурханлаг түвшинд дээшлэн хүрэхэд ач тус болдог. Энэтхэг оронд мянга, мянган жилийн туршид Бурханы ариун гэгээн нэр алдруудыг мантра байдлаар давтан хэлж байна. Санскрит хэлээр мана гэдэг нь “ухаан”, харин трайа гэдэг үг нь “ангижрал” гэсэн утгыг илэрхийлдэг. Иймд, мантра нь бидний ухааныг түгшүүр зовиураас ангижруулдаг транценденталь дуу авианы зохицол болох ажгуу.


Ведийн ном судруудад нэгэн мантра-г маха-мантра (их мантра) гэж нэрлэдэг болой. Кали-сантарана-упанишадад, түүнийг бүрдүүлсэн арван зургаан үгс Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/ Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе, Харе нь бидний амьдран байгаа хэрүүл тэмцэл, аюул түгшүүр болон хуурмаг явдлын Кали юга хэмээх манай энэ цаг үед онцгой шаардлагатай хэмээн өгүүлсэн байдаг. Кришна хэмээх алдар нэр нь “Бүхнийг татагч”, Рама нь “Бүхнийг баясгагч” гэсэн утгатай бөгөөд, харин Харе нь Бурханы чин бишрэл дүүрэн бялхах албаны эрчимд хандсан үг болой. Иймээс маха-мантра нь: ”Ай бүхнийг Өөртөө татагч, ай бүхнийг баясуулагч Бурхан минь ээ, ай Бурханы эрчим минь ээ, Танд чин бишрэлээр зүтгэхийг надад өршөөн соёрхоно уу” гэсэн утгатай болой.

Харе Кришна маха-мантра-г давтан хэлж, дуудахад хатуу тогтоосон дэг байдаггүй билээ. Мантра-бясалгалд хамгийн гайхалтай нь юу вэ гэвэл, түүнийг хаа дуртай газраа, ямар ч цаг үед- гэртээ, ажил дээрээ, зөөврийн тэргэнд, газар доогуур явдаг унаанд, эсвэл бүр хувийн тэрэгнийхээ жолооны ард ч давтан хэлж дуудаж болно.

Мантра-бясалгалын хоёр төрөл байдаг: хүн эрих эргүүлэн мантра-г давтан хэлэх (үүнийг жапа хэмээн нэрлэдэг), харин нөгөө нь бол хэн нэгнийг даган дуудах (энэ нь киртана хэмээгдэнэ) болой. Киртана нь ямагт хөгжим дээр тоглох болон алга ташихтай хосолдог. Мантра-бясалгалын хоёр төрлийн аль алиныг нь хэрэглэж болохыг зөвлөдөг бөгөөд тэд хоёулаа л хүнд ач тус тай, таатай нөлөө үзүүлдэг.

Эхний төрлийн мантра-бясалгалд зориулан эргүүлэх эрих л хэрэгтэй. Түүнийг дэлгүүрээс худалдан авах юм уу, эсвэл дор дурьдсан энгийн зөвлөмжийн дагуу өөрөө хийж болно.


• Голчоороо нэгээс хоёр сантиметр, бөөрөнхий бөгөөд дундаа нүхтэй, түүгээр нь утсанд хэлхэж болохуйц 109 ширхэг эрих, мөн 3-5 метр бөхөөхөн нийлэг утас худалдан авагтун.


• Утасныхаа үзүүрээс 15 см-ыг үлдээн зангидаад, дараа нь эрихүүдээ нэг нэгээр нь хэлхэн, эрих бүрийн ард нэг юм уу хоёр зангилааг утасныхаа бүдүүн нарийнаас хамааран гаргагтун.

• 108 эрихийг хэлхээд, утасныхаа хоёр үзүүрийг нийлүүлэн сүүлчийнхээ эрихэнд хийгтүн. Энэхүү сүүлчийн эрихийг Кришнагийн эрих гэж нэрлэдэг бөгөөд бусдаасаа арай том байвал нэн сайн. Утасны хоёр үзүүрийг нийлүүлэн зангидаад, үзүүрүүдийн илүү гарсан хэсгийг тайрагтун. Ингээд л Таны эрих бэлэн болох нь тэр.

Мантра-бясалгалыг эхлэхдээ Кришнагийн эрихний араас хэлхсэн эрихийг, эрхий болон дунд хуруугаараа хавчин Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе маха-мантра-г давтан хэлж эхэл, дараа нь дараагийн эрхийг хавчин маха-мантра-г дахин давтан хэл, гэх мэтчилэнгээр эрих бүр дээр маха-мантра-г уншсаар Кришнагийн эрих хүргэнэ. Ийнхүү уншсанаар та жапа-г нэг бүтэн тойрог хийлээ гэсэн үг. Нэг бүтэн тойрог нь долоогоос найман минутын хугацаагаар үргэлжилдэг боловч эхэндээ та түүнээс ч илүү хугацаа зарцуулж магад. Кришнагийн эрих дээр мантра-г уншилгүй өнгөрөөж, эрихээ эргүүлэх буюу саяын уншсан чиглэлийнхээ эсрэгээр мантра-г эрих бүр дээр уншин дуусгана. Бясалгалын үйл явцад мантра-ны дуу авианд сайтар төвлөрөхөд хүртэхүйг татан оролцуулдаг тул эрих маш чухал байдаг.






Хэрвээ Та өдөрт тодорхой тооны тойрог уншлага хийхээр ам өгсөн бол уншсан тойргийнхоо тоог мартаж, андуурахгүйн тулд өдөрт унших тойргийнхоо тоотой адил хэмжээ бүхий өөр нэгэн, эрих хэлхсэн утсыг бэлдэхэд зүгээр. Харин эрих бүрийн ард зангилаа гаргах хэрэггүй бөгөөд хамгийн эцсийн хоёр үзүүрийг л зангидаж түүгээр эрих тань сугарч мултрахгүй байхаар байвал сайн. Ингээд Та нэг бүтэн тойрог уншчихаад тэмдэглэх нэг ширхэг эрихээ утсандаа гүйлгэх хэрэгтэй.

Та мантра-г дотор байхдаа ч, гадаа агаар салхинд явахдаа ч, мөн өөртөө таалагдсан байдлаар чанга эсвэл сул уншиж болно. Гэхдээ өөртөө сонсогдохоор чанга унших хэрэгтэй. Хамгийн чухал нь үг бүрийг тов тодорхой хэлбээс зохилтой. Ухаан нь тайван бус, тогтворгүй бөгөөд ямар нэгэн юмны тухай бодохыг ямагт хүсэж байдаг учраас Таны ухаанд янз бүрийн юм бодогдож магадгүй. Харин маха-мантра-г уншихдаа бүх анхаарлаа төвлөрүүлэн, үг бүрийг нь сонсохыг чармайгтун.

Мантра-г өдрийн ямар ч цагт уншиж болох боловч бурханлаг үйлд нэн таатай тодорхой цагийг ведийн судруудад заасан байдаг. Бурханлаг хөгжил дэвшилд хамгийн ач тустай, таатай цаг нь өглөө эртийн цаг юм. Хэрвээ Та мантра уншихад зориулан өдрийн аль нэгэн цагийг сонгоод, ямагт тэр цагтаа л уншдаг болчихвол сайн байдаг. Өдөрт нэг эсвэл хоёр тойргоос эхлэн тойргийнхоо тоог аажим аажмаар нэмсээр арванзургаад хүргэх хэрэгтэй. Энэ нь Бурхан Кришнагийн чин бишрэлтэн болохыг хүсэн жапа-бясалгалд буурьтай нухацтай хандаж буй хүмүүст уншихыг зөвлөдөг тойргийн хамгийн доод хэмжээ юм.

Энэхүү ганцаарчилсан бясалгал, жапа-гаас киртаны ялгарах онцлог ялгаа нь гэвэл түүнийг хэсэг бүлгээрээ, олон хүмүүс нийлж хийдэгт оршино. Киртаны үед Харе Кришна мантра-г ямар нэгэн аяар дуулдаг. Киртаныг гэр орондоо гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө хамтран хийж болохын дээр, эсвэл айлд зочлохдоо, эсвэл салхинд гарахдаа байгалийн сайханд хийж болно. Нэг хүн киртаныг хөтлөн удирддаг, өөрөөр хэлбэл эхлээд нэг нь Харе Кришна мантра-г нэг удаа дуулсны дараагаар бусад нь залган авч тэр аялгуугаар нь давтан дуулдаг. Дараа нь хөтлөн удирдагч мантра-г дахин эхлэх гэх мэтээр цааш үргэлжилнэ. Ийнхүү Харе Кришна мантра-г дахин дахин дуулдаг буюу киртаныг үргэлжлүүдэг бөгөөд түүнд оролцогч хэн бүхэн бурханлаг цэнгэлийг хүчтэйгээр амсан жаргадаг.


Киртаны давуу тал нь Харе Кришна мантра-г зөвхөн өөрөө давтан хэлж дуулахдаа сонсох төдийгүй бусдын дуулахыг мөн сонсож баясан цэнгэдэгт байдаг. Мантра-г ямар ч аяар, хөгжмийн ямар нэгэн зэмсэг дээр тоглон дуулж болох боловч сүүлчийнх нь заавал ч байх албагүй билээ. Киртана хийхэд энэтхэгийн хөгжмийн уламжлалт зэмсэг мриданг (бөмбөр) болон кратал (цан) илүү зохимж нийцтэй байдаг бөгөөд хэрэв тэд байхгүй бол та гарын доор юу байгаагаа, таны ухаанд юу орно түүнийгээ хэрэглэж болох юм. Өөр төрлийн хөгжмийн зэмсгүүд, төгөлдөр хуур, орган, лимбэ, болон гитарыг ашиглаж болно. Зүгээр алгаа ташин дуулсан ч болно. Хүүхдүүд киртанд оролцож болох бөгөөд ингэх нь тэдний бурханлаг хөгжилд таатай нөлөө үзүүлнэ. Киртаныг өдөр бүр, аль болох олонтаа хийх нь сайн.

Харе Кришна мантра-г унших нь танд бурханлаг хөгжил дэвшлийн мэдрэмжийг төрүүлэх ба түүгээр ч барахгүй энэ мэдрэмж нь байнгад нэмэгддэг. Та бүхэн үүнийг өөрөө мэдэрч үнэмшиж болно. Өөр ямар нэгэн үгийг 5 минутын туршид давтан хэлээд үз л дээ. Хэрвээ Та “Пепси кола” гэдэг үгийг дахин дахин давтан хэлвээс, хэдэн минутын дараа л үхмээр уйтгартай болохоор барахгүй, танд ямар ч таашаал ханамж өгөхгүй. Кришнагийн ариун гэгээн нэр алдрын дуу авиа нь трансцендент байдаг учраас Түүний нэр алдрыг дахин дахин давтан хэлж дуудмаар санагддаг.

Ямар ч нөхцөлд байсан хүн маха-мантра-г давтан хэлэхэд энэ нь түүний бурханлаг хөгжилд ер бусын таатай нөлөө үзүүлдэг. Хэдийгээр тийм байдаг ч, жапа-бясалгалын эх сурвалж аугаа мэргэд хийгээд ариун гэгээн хүмүүс нь энэ бясалгалын үйлчлэх нөлөөг сайжруулах зарим арга барилыг ашиглахыг зөвлөсөн байдаг.

Хүн Харе Кришна мантра-г хэдийчинээн олон дахин давтан хэлнэм, доор дурьдсан зарчмуудыг даган биелүүлэхэд төдийчинээн амар хялбар болох бөгөөд үүний учир нь түүнийг давтан хэлснээр тэрээр бурханлаг асар их хүчийг олж, дээдийн дээд цэнгэл жаргалд автах амт, хүсэл сонирхол нь хөгждөгт оршино. Маха-мантра-г давтан хэлэхийн цагтаа хүн бурханлаг цэнгэл жаргалыг амсах бөгөөд бурханлаг цэнгэл жаргалд саад тотгор болох муу дадал зуршлуудаас салан ангижрахад нэн амар болно.

• Бурханлаг хөгжил дэвшилд хүрэхээр чин үнэнээсээ, нухацтайгаар тэмүүлж байгаа хүнд үндсэн дөрвөн зарчмуудыг дагаж мөрдөхийг зөвлөдөг. 

Үүнд: а) мах, загас болон өндгийг хоол хүнсэндээ үл хэрэглэх. б) мансууруулах зүйлсийг (мансууруулах бодис, марихуан, хар тамхи, ЛСД, архи, тамхи тэр ч бүү хэл цай болон кофе) хэрэглэж үл болно. в) мөрийтэй тоглоом тоглохгүй, буруу аргаар мөнгө олохгүй байх, г) эхнэрээсээ өөр хүнтэй бэлгийн харьцаанд үл орох (эхнэртэйгээ бол зөвхөн хүүхэдтэй болохын тулд л). Энэхүү зохицуулах дөрвөн зарчмуудыг даган баримтлах нь бурханлаг хөгжил дэвшилд хурдан хүргэдэг. 

Эдгээрийг эс тоомсорлох нь бурханлаг хөгжил дэвшилд хүрэхэд саад тотгор болж, хүнийг материаллаг зүйлд улам ихээр татан автуулдаг. Гагцхүү жапа-бясалгал нь хүн эхлээд өөрийн амьдралын нөхцөл байдлаас хамааралгүйгээр Харе Кришна мантра-г давтан хэлснээр мантра өөрөө түүнд ирж, түүнийг энэ зам мөр дээрээ урагшлан, ахиц дэвшил гаргахад нь туслах тийм асар их ид шидит хүчтэй бөлгөө.

• Бурханы адислалт А.Ч. Бхактиведанта Свами Прабхупадын бүтээл туурвилуудыг, ялангуяа Бхагавад Гита болон Шримад Бхагаватамыг цаг ямагт уншиж судалж байх хэрэгтэй. Кришнагийн тухай яриа хүүрнэл, Түүний ер бусын хийгээд трансценденталь зугаа наадмын талаар дөнгөж сонссон төдийгөөр л хүн, материаллаг ертөнцөд урт удаан хугацааны туршид хуримтлуулсан бузар бүхнээс зүрхээ ариусгаж чадах билээ. Кришнагийн тухай яриа хүүрнэл болон Кришнагийн Өөрийн чин бишрэлтэнгүүдийн хамт мөнхийн зугаа наадмаар цэнгэн байдаг бурханлаг ертөнцийн талаар байнгад тогтмол сонссоноор хүн бурханлаг сүнсний мөн чанарт бүрнээ хүрэх бөгөөд жинхэнэ бурханлаг үйл юунд оршдог хийгээд энэхүү материаллаг ертөнцөөс ангижрахад туслах төгс төгөлдөр ямар арга зам буйг ойлгох болно.

• Материаллаг бузраас өөрийгөө илүү сайн хамгаалахын тулд зөвхөн, эхлээд Бүхний Дээд Бурхан, Кришнад өргөснөөр ариуссан хоолыг л хүртэх нь зүйтэй. Ургамлыг оролцуулаад аливаа нэгэн амьд амьтныг хөнөөснөөр хүн энэхүү үйлийнхээ үр дагавар, уршгийг өөртөө тарьдаг. Харин Бурхан Кришна Бхагавад Гитад айлдсанчлан, Тэрээр Өөрт нь цагаан хоолыг өргөн байгаа хүнийг кармын үр дагавраас нь ангижруулдаг.

• Хүн өөрийн ажил үйлийн үр дүнг Бүхний Дээд Бурхан Кришнад өргөх хэрэгтэй. Хүн өөрийн таашаал ханамжийн төлөө ажиллаж байгаа цагт үйлийн хээ үр дагаварт орооцолдон түүнийг амсаж эдлэх болно. Хэрвээ тэр Кришнагийн төлөө ажиллах аваас энэ нь түүнийг зөвхөн кармын үр дагавраас нь ангижруулаад зогсохгүй түүний дотоодод зүүрмэглэн байгаа, Кришнаг хайрлах хайрыг сэрээдэг. Харин дээрх дөрвөн зарчимд шууд ба шууд бусаар зөрчилдөөгүй байх аваас хүн өдөр тутмын ерийн үйлээ үргэлжлүүлэн үйлдэж болно.

• Жапа-бясалгалд үнэн голоосоо хандах хүн аль болохоор өөртэйгөө адил хүсэл сонирхолтой хүмүүстэй ойртон нөхөрлөх ёстой. Энэ нь түүний бурханлаг хүч чадлыг улам нэмэгдүүлдэг. Бидний эргэн тойрны амьдрал бидэнд үлэмж нөлөө үзүүлдэг нь мэдээж хэрэг билээ. Ийм учраас бурханлаг хүсэл сонирхлыг үл агуулах хүмүүстэй олон удаа уулзаад байхын хэрэггүй юм. Харе Кришна мантра-г уншиж , зохицуулах дөрвөн зарчмуудыг дагаж баримтлан, бурханлаг хөгжил дэвшилд тэмүүлэх хүмүүстэй уулзаж нөхөрлөх нь Бурханы зүгт, буцаад гэр лүүгээ харих замаар хамгийн хурднаар урагшлах хамгийн шилдэг сайн зөв арга билээ.

Эх сурвалж: Харе Кришнагийн олон улсын нийгэмлэгийн вэбсайт http://www.veda.mn/