2012/05/28

Далд ухамсар


 Хүн нэг л сурсан бол насан туршдаа хэзээ ч мартдаггүй 2 зүйл байдаг гэдэг. Энэ нь машин барих, усанд сэлэх юм. Гэвч бид өглөө босоол шүдээ угаахдаа шүдээ хэрхэн угаах талаар бодож төлөвлөдөггүй. Болсон болоогүй сойзоороо үрж л орхидог. Тэгээд зуршил болсон кофегоо уух буюу яарсандаа цүнхээ шүүрээд ажил, сургуульдаа явна. Машин барих, усанд сэлэх, шүдээ угаах гэх мэт үйлдлүүдийг та дадал зуршлаараа хийж л орхидог. Гэхдээ үүнийг таны тархи, ухамсрын хаа нэгтээ удирдан зохицуулж байгаа нь гарцаагүй. Энэ хэсэг бол далд ухамсар аж.

Та ухамсарлахгүй байж болно гэхдээ таны амьдралын маш олон үйлдэл, дадал зуршил, бодол санаа далд ухамсраас үүдэлтэй.


Далд ухамсар ба энгийн ухамсрыг мөсөн уултай зүйрэлдэг. Мөсөн уулны 10% нь гадарга дээр ил харагддаг бөгөөд энэ бол энгийн ухамсар аж. Харин усан доорх үлдсэн 90% бол мөнөөх далд ухамсар ажээ.

Энгийн ухамсар буюу оюун санааны хэл бол үг, дүрс буюу бид үгээр ярьж, дүрсээр сэтгэдэг. Харин далд ухаанд мэдрэмж хамгийн чухал үүрэгтэй. Харж, сонсож, үнэрлэж, амталж, хүрч үзсэн болон сэтгэлээр мэдэрсэн зүйлс далд ухамсарт нөлөөлдөг.

Далд ухамсрын өөр нэг сонин онцлог бол давталт. Та хэдий чинээ давтана далд ухамсар төдий чинээ сайн хүлээж авна гэсэн үг. Хүнд худал зүйлийг олон удаа давтаж хэлбэл үнэн болдог гэдэг ийм учиртай аж. Далд ухамсар үнэн худлыг бус байгаа зүйлийг л хүлээж авна.

Далд ухамсрын илэрхийлэл бол зүүд, сэтгэл хөдлөл, мэдрэмж, зуршил, хандлага зэрэг зүйлс байдаг. Өөрийгөө өөрчлөх, зуршлаа өөрчлөх, амжилтанд хүрэхийн тулд далд ухамсартайгаа ажилла гэсэн хандлага сүүлийн үед түгэх болсныг та Нууц зэрэг киноноос олж харсан байх. Бидний үйлдэл, хандлагыг удирддаг систем энд байдагтай холбоотой аж.

Далд ухамсрын талаар илүү их мэдээлэл олж авахыг хүсвэл энэ талаарх асуулт, мэдээллээ хуваалцахыг та бүхэнд уриалая.