2012/06/15

Хэлбэлзэл буюу зэрэгцэн орших ертөнцүүд


Бидний материаллаг гэж үзэх бүх зүйлс явсаар байгаад, жижгэрсээр байгаад атом, молекул болдог. Бидний биеийн эрхтэн, эд, эс бүр молекулаас тогтох ба молекулууд байнгын хөдөлгөөн буюу хэлбэлзэлд оршдог. Энэ бүгд ойролцоо хэлбэлзэлд оршин, хоорондоо авцалдан хүний биеийг бүрдүүлдэг. Нөгөө талаас ойролцоо хэлбэлзэлтэй зүйлс бүрэлдэн нэгэн ертөнцийг бүрдүүлдэг. Маш олон төрлийн хэлбэлзэл оршин байх бүрэн боломжтой. 
ФМ радионы долгион бүрт нэг суваг байдагтай адил хэлбэлзлийн түвшин бүрт тодорхой ертөнц оршин байдаг байна. Хэлбэлзлээс шалтгаалаад ертөнц бүр өөр өөр онцлогтой. Там, диваажин гэдэг ойлголт байна. Эдгээр нь өөр өөр хэлбэлзэлд орших ертөнцүүд юм. Удаан, бүдүүлэг хэлбэлзлүүд тамын ертөнцийг бий болгодог байхад хурдан, нарийн хэлбэлзлүүд диваажингийн ертөнцүүдийг бий болгодог. Манай дэлхий бол тамаас арай дээгүүрт тооцогдох хэлбэлзлийн түвшин д оршдог бөгөөд сайн, муу хосолсон шинжтэй байдаг юм.

Хэлбэлзэл бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ? Хүмүүс бид ерөнхийдөө ойролцоо хэлбэлзэлтэй тул энэ дэлхий дээр зэрэгцэн амьдарч байна. Гэсэн хэдий ч хүн бүрийн хэлбэлзэл хоорондоо ялгаатай. Та өөртэйгээ ойролцоо энергийн түвшинтэй хүмүүстэй хурдан ойлголцож, амархан татагддаг. Харин доогуур хэлбэлзэлтэй хүмүүсээс зайлсхийж, хамаагүй илүү энергийн түвшинд буй хүнтэй үл нийцэн, хүлээж авахгүй байдаг. Хэлбэлзлийн түвшин хэдий чинээ хурдан байна хүн төдий чинээ хурдан сэтгэж, эерэг, аз жаргалтай амьдарч, түргэн дэвшиж, өөрчлөгддөг.

Хэлбэлзлийг тодорхой өндөр түвшинд хүргэснээр хүн өндөр хэлбэлзэлтэй өөр ертөнцүүдийг мэдрэх, харах, нэвтрэх боломжтой болдог. Жишээ нь астрал аялал бол хэлбэлзэл дээшлэн астрал бие махан биенээс гарах үзэгдэл юм. Хэлбэлзэл хэдий чинээ өндөр түвшинд хүрнэ хүн төдий чинээ дээд ертөнцөд нэвтрэх, оюун ухаанаа тэлэх, сүнсээ хөгжүүлэх боломжтой болдог байна. Харин хэлбэлзэл доошилсноор доод тамын ертөнцүүд рүү нэвтэрч, амьдрал нь бүтэлгүйтэн, зан ааш эвдрэн, бодож сэтгэх удааширч, нэг ёсондоо уруудан доройтдог. Мөн хүн нас барсны дараа өөрийн буй хэлбэлзлийн түвшинтэй ертөнцөд очдог. Тамд очих, диваажинд төрөх гэдэг нь хэлбэлзлээсээ шалтгаалан ямар ертөнцөд очихыг илэрхийлсэн үг юм. 

Үнэндээ энэ дэлхий дээр хязгааргүй олон ертөнц, өөр өөр хэлбэлзлийн түвшинд зэрэгцэн оршдог. Ямар орчин нөхцөлд, ямар ертөнцөд, яаж амьдрах нь таны сонголтоос л хамаарна. Яагаад вэ гэвэл хэлбэлзлийг үүсгэх хамгийн эхний үе шат бол бодол юм. Бодол өөрөө тодорхой хэмжээний хэлбэлзэлтэй, цахилгаан соронзон долгион байдаг бөгөөд, хүний тархинаас гаран бодсон зүг лүү чиглэгдэн явдаг. Мөн бодсон бодол бүр хүнд өөрт нь нөлөөлнө. Өөртөө итгэлтэй хүмүүс итгэлтэйгээр өөрийн сайн сайхан талыг боддог бол итгэлгүй хүмүүс сөрөг талууддаа төвлөрсөөр аажмаар хэлбэлзлээ сул дорой болгодог байх жишээтэй. 

Хэлбэлзлийг дээшлүүлснээр хүн ид шид гэж тооцогддог далдыг харах, алсын зайд шилжих, үзэгдэхгүй болох гэх мэт олон ур чадварыг эзэмших боломжтой. Хэлбэлзлийг дээшлүүлэх үр ашигтай аргууд бол бие, сэтгэлээ цэвэршүүлэх, бясалгал, иог хийх гэх мэт юм. Харин архи дарс ууж, цагийг хий дэмий өнгөрөөх, хов жив ярих, хараал хэлэх, хэлбэлзэл муу хүмүүстэй нийлэх, аахар шаахар кино үзэж, дуу сонсох, сөрөг бодол тээх, муу зүйл хийх гэх мэт наад захын зүйлс нь хүний хэлбэлзлийг удаашруулан, сүнсний хөгжлийг доройтуулдаг байна.