Thursday, July 26, 2012

Астрал Аяллын Суурь Мэдлэг


Астрал аялал буюу биенээсээ гарах үзэгдэл нь таны астрал бие физик биеэс салах явдал юм. Бид үнэндээ шөнө болгон зүүдэндээ астрал аялал хийж, бидний астрал бие гүн нойрон дунд биенээс гаран явдаг ч энэ тухай нэгдүгээрт мартаж орхидог, хоёрдугаарт энэ бүгдийг ухамсартайгаар удирдаж чаддаггүйд бүх асуудал оршдог.
Тэгэхээр астрал аялал хийж сурна гэдэг нь ухамсартайгаар астрал биеийг физик биенээс салгаж, удирдаж сурна гэсэн үг ажээ. Үүнийг сурахад танаас онцгой авьяас, чадвар, мөнгө төгрөг, эд зүйл, төхөөрөмж гэх мэт ямар ч зүйлийг шаардахгүй. Нөгөө талаас олон хүн санамсаргүйгээр болон зүүдэндээ астрал аялал хийж үзсэн байдаг ба зарим хүмүүс үүнийг тогтмол хийдэг ба мөн олон хүмүүс үүнийг сурч амьдралдаа хэрэгжүүлсээр байна. Тэгэхээр танд астрал аялал хийхийг асар их хүсэл эрмэлзлэл, үүнийхээ төлөө тэвчээртэй оролдох урам зориг байгаа бол сүнсээрээ аялаж сурах бүрэн дүүрэн боломжтой.

Астрал аялал хийх үед яг ямар үйл явдал өрнөх вэ?
Хамгийн түрүүнд таны бие бүрэн тайвшран суларч, оюун ухаан тань элдэв янзын зүйлсэд сатааралгүй төвлөрсөн байх хэрэгтэй.
Аажмаар таны астрал бие таны хамгийн сайн хөгжсөн чакра буюу энергийн хүрдээр дамжин физик биеэс тань гарах болно. Таны астрал бие өвөрмөц хий буюу энергин материалаас бүтдэг.
Астрал бие физик биетэй мөнгөн утас гэж нэрлэгддэг энергийн шугамаар холбогдсон байдаг. Иймээс ямар ч үед астрал бие физик биетэй холбоотой байх ба шаардлагатай үед эргэн ирж биедээ орно.
Астрал бие астрал буюу асурын ертөнцөд аялах ба уг ертөнцийн зүйлсийг мэдрэхдээ физик биеийн мэдрэхүйн эрхтнүүдийг ашиглахгүй. Астрал биед өөрийн гэсэн харах, сонсох зэрэг онцгой мэдрэхүйн эрхтнүүд байдаг ба үүгээр дамжуулан танин мэднэ. Энэ мэдрэмжүүд физик ертөнцийн мэдрэмжээс хавьгүй илүү хүчтэй байх болно. Мөн астрал ертөнцөд халах, хөрөх, өвдөх гэх мэт мэдрэмжүүдийг мэдрэхгүй. Хэрэв физик бие даарч, халууцвал астрал биед энэ мэдрэмж дамжигдан очно.
Астрал биед мэдрэмж, сэтгэл хөдлөл маш хүчтэй үйлчилдэг. Астрал ертөнцөд бодож, төсөөлж, догдолсон зүйлс тэр даруйдаа бий болдог. Ийм учраас энэ ертөнц уран төсөөлөл мэт гайхамшигтай, сонин байдаг байна.
Астрал аялал хийх шилдэг арга, техникүүд.
Хүн бүр харьцуулахын аргагүй өвөрмөц онцлог байдаг тул бүх хүнд таарах нэг шилдэг арга гэж байдаггүй. Астрал аялал хийж сурахын тулд олон аргуудыг туршин өөрт тохирохыг сонгох нь зүйтэй.
1. Биеэ суллан тайвшруулах аргууд.
Та биеэ суллах дасгал, ховс, бясалгал, иог зэргээс аль нэгийг сонгон тайвширч, төвлөрөх хэрэгтэй. Энэ бол астрал аялал хийхийн өмнө байнга хийж байх зайлшгүй зүйл юм.
2. Уран төсөөллийн арга.
Ихэнх аргуудад уран төсөөллийг ашигладаг. Уран төсөөлөл гэдэг нь бидний астрал бие физик биеэс гарсан байгааг бодит мэт төсөөлж, өөртөө итгүүлэх хэрэг юм.
3. Олсны арга.
Таны дээрээс олс унжиж байгаа бөгөөд энэ олсоох дамжин астрал бие физик биеэс гаран дээш авирч байна гэж төсөөлөх.
4. Чичирхийллийн арга.
Астрал бие махбодоос гарч буйг тусгай зааврын дагуу төсөөлөх арга. Роберт Монрогийн арга гэдгээр алдартай.
5. Дуу авианы арга.
Тусгай долгионы давтамж бүхий дуу авианы тусламжтайгаар тархины давтамжийг бууруулан таны биед аажмаар биенээс гарах үзэгдлийг үүсгэх.
Эдгээр арга техник тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараа дараагийн нийтлэлээр хүргэх болно.