2013/09/30

Спиритуал нэгдлийн онол

Нууцад Нэвтрэхүйгруппын гишүүн гэрэл ггггг "Дэлхий үүсэхээс өмнө сүнс байсан болов уу?" гэдэг асуултыг тавьснаар дараах зүйлийг бичих сэдэл төрлөө.

Энэ асуулт сүнс гэж юу болох, дэлхий төдийгүй ертөнц юунаас үүссэн бэ гэх зэрэг олон асуултыг хөндөж байна. Миний хувийн ойлголтоор бол ертөнцийг бүрдүүлж байдаг анхдагч зүйл бол энерги/ ухамсар/ бурхан/ сүнс/ хайр гэх мэт маш олон төрлийн үгээр илэрхийлэгддэг тэр зүйл юм. Миний хувьд энэ зүйлийг ухамсар гэж нэрлэх нь илүү дөхөмтэй байдаг. Анхдагч, цэвэр ухамсраас бидний сүнс, бас бусад бүх зүйл, гариг, галактикууд бүтээгдсэн. Ертөнц бол дэлхийгээр хязгаарлагдахгүй ойлголт. Тэгэхээр бидний сүнс дэлхий байхаас өмнө бүтээгдсэн үү?


Эндээс хариултын 2 дахь үе шат гарч ирнэ. Ер нь яах гэж бүтээгч буюу анхдагч ухамсар хүн, дэлхий гэх мэтийг бүтээсэн юм бэ? Энгийн хариулт бол тэр биднээр дамжуулан өөрийгөө мэдэрч, тэлэх гэсэн энгийн зорилготой. Бид тэгвэл ямар зорилготой юм бэ? Үүнийг ихэнх спиритуалистууд сүнсээ хөгжүүлэх гэж тайлбарладаг. Ертөнцийг далайтай зүйрэлбэл, бид энэ далайн давалгаа бөгөөд салхи гарахад далайгаас түр зуур тасраад эргэн нийлэх үйл явцыг амьдрал, хувьсал гэж нэрлэж болох юм. Нэг ёсондоо бид амьдарч, туршлага хуримтлуулж, бүтээх замаар ертөнцийн хөгжилд хувь нэмэр оруулж, өөрсдийгөө хөгжүүлж байдаг.




Эргээд асуултандаа ороход сүнс, дэлхий хоёрын аль нь анхдагч бэ гэвэл энэ хоёр аль нь ч анхдагч биш, тэр ч бүү хэл 1 зүйл юм. Эндээс хариултын 3 дахь хэсэг гарч ирнэ. Бүх зүйл нэг, бүх зүйл байсан, бүх зүйл анхдагч, гэхдээ бүх зүйл өргөжин тэлж байна. Бид бүтээгч буюу анхдагч ухамсраас бүтсэн гэдэг нь бид бүгд нэг материалаар хийгдсэн, нэг эх үүсвэртэй бөгөөд материаллаг ертөнцөд биенээсээ салангид байх замаар олон төрлийн, хувийн туршлагыг хуримтлуулж байдаг. Энэ асуултыг асуухдаа та нэг төрлийн туршлага хуримтлуулж, энэ хооронд дэлхий бас өөр нэгэн туршлагыг хуримтлуулж байгаа ч бид нэг л эх үүсвэртэй, эргээд холбогдох газар нэг юм.





Энд дурдахгүй орхиж болохгүй нэг зүйл бол цаг хугацааны тухай ойлголт юм. Бид өнөөдөр 4 хэмжээст (орон зайн 3 хэмжээс + цаг хугацаа), физик буюу материаллаг ертөнцөд амьдарч байна. Энэ ертөнцөд илэрхий үйлчилдэг хууль бол цаг хугацаа. Харин сүнслэг буюу 5 хэмжээст, 6 хэмжээст ертөнцүүдэд цаг хугацаа үйлчилдэггүй байна. Цаг хугацаа үйлчилдэггүй гэдэг нь бүх зүйл нэг орон зай, цаг хугацаанд оршин байдаг. Будда "1 мөч хязгааргүй болох үе бий" гэж хэлсэн байдаг нь үүнтэй холбоотой байж болох юм. Манай ертөнцөд өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн дараалал бүхий шугаман тогтоолцоогоор цаг хугацааг мэдэрдэг бол өөр хэмжээстэд өнгөрсөн, одоо, ирээдүй зэрэгцэн оршиж, та аль ч үеийг сонгон амьдрах хязгааргүй боломжтой байх аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн нийтлэлүүдээр оруулж болох юм.

Тэгэхээр анхдагч асуултын хариулт бол дэлхийн ч тэр хүний ч тэр сүнс, мөн чанар нэг бөгөөд үүнд цаг хугацааны хэмжээсийг оруулах боломжгүй ажээ.