2015/02/05

Сүнсний дээд хөгжил буюу 12 чакраны систем

Хүний физик биед орших 7 чакранаас гадна сүнсэн биед оршдог 5 чакра байдаг. Физик биеийн 7 чакра таны Дэлхий, гурван хэмжээст материаллаг ертөнцтэй холбож, хөгжих боломжийг олгодог бол сүнсэн биений 5 чакра таныг орчлон ертөнцтэй холбон нэгтгэдэг. Сүнсэн биеийн чакранууд хөгжиж эхэлснээр та зөвхөн өөрийн тухай бодохоо больж бусад хүмүүс, өөр хэмжээст ертөнц, дээд ухамсарын талаар бодож, эргэцүүлж, үнэн сэтгэлээсээ санаа зовж эхэлнэ. Үүнээс гадна цаг хугацаа, орон зайны ойлголтууд өөрчлөгдөн биеэс гарах, астрал аялал хийх, Акашийн товчоо буюу ертөнцийн мэдээллийн санд нэвтрэх, цаг хугацаагаар аялах гэх мэт дээд ур чадварууд нээгддэг. Сүнслэг чакра хэдэн ч жилийн дотор нээгдэж болно. Гэхдээ 8-10 дугаар чакра нээгдэхэд нийтдээ 1-7 жил, 11-р чакра нээгдэхэд 1-5 жил шаарддаг. 12-р чакра бол бүх чакра нээгдэж дууссанаас хэдэн жилийн дараа нээгддэг. Чакра нээгдэх хугацаа нь тухайн хүний сүнсний мөн чанар, хөгжлийн хурд зэргээс хамаарна.



8-р чакра: хэт ягаан туяаны өнгөтэй. Энэ өнгө нь нүдэнд үзэгддэггүй боловч дүрслэх юм бол мушгирсан ногоон туяатай гүн ягаан өнгөт юм. Уг чакра нь сүнслэг ойлголт, нөхцөл болзолгүй хайрын энергийн төв юм. 7 дахь буюу Титэм чакра хөгжсөнөөр бий болох ур чадваруудыг бүрэн хөгжүүлдэг. Мөн өмнөх амьдралуудаас үлдсэн кармын энерги энд хуримтлагддаг. Энэ чакра нээгдэн, хөгжиж, томорсноор сүнслэг ойлголтууд улам өргөжиж, ухамсар нээгдэж шинэ санаа, ойлголт, ур чадваруудыг хүлээн авч эхэлнэ. Ингэснээр Дэлхий дээр амьдрах явцад хуримтлагдсан ойлголт, үзэл баримтлалууд өөрчлөгдөн, материаллаг ертөнцтэй холбогдох холбоос суларч, сүнслэг ертөнц рүү тэмүүлэх тэмүүлэл, холбогдох холбоос хүчирхэгжиж эхэлдэг. Энэ хаалга нэгэнт нээгдсэн л бол эргэж буцна гэсэн ойлголт байхгүй. Өөрийгөө ертөнцийн нэг хэсэг болохыг ухаарч, мэдээллийг шинэ түвшний ойлголт, зөн билгээр хүлээн авдаг болно.

Янз бүрийн далд ур чадварууд нээгдэж эхэлснээр ёстой сансарын юм ярьдаг хүн болж хувирна. Иймээс газардаж, дэлхий дээр буухын тулд Хөлний Чакраг цэвэршүүлэх шаардлагатай. Хүсвэл энэ талаар дараагийн нийтлэлд оруулж болно. Энэ чакра мөн карматай холбоотой учраас өнгөрсөн амьдралд тохиосон хүнд явдал, муу зуршлууд сөхөгдөн гарч ирнэ. Энэ бүхнээс аль болох хурдан салбал, сүнслэг ур чадварууд хурдан хөгжинө. Энэ чакра хаалттай тохиолдолд хүн хичнээн хичээсэн ч биеэс гарч аялах, сэрүүн зүүдлэх, зүүдээ сайн санах, бодлоор харилцах, эмпат буюу бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, энергийн эмчилгээ хийх зэрэг зүйлсийг хийх боломжгүй байдаг. Чакра хаагдсан байх нь голдуу айдсаас үүдэлтэй. 7-р чакра буюу титэм чакраг сайтар хөгжүүлсний дараа 8-р чакра энергийн эмчилгээ, мантра буюу тарин, бясалгал, авшиг авалт буюу багшийн тусламжтайгаар нээж болно. 8-р чакра нээгдсэн ч гэсэн 9-12 хүртэлх чакранууд нээгдэн хөгжихөөс нааш дээр дурдсан далд чадварууд бүрэн нээгддэггүй. 



9-р чакра: бүхий л төрөлд сурсан нийт ур чадвар, авьяас зэрэг нь энэ чакратай холбоотой. Сүнсний мөн чанар, бүтэц энэ чакрад оршино. 9-р чакра толгойноос дээш 120 см орчим зайд оршдог. Солонгын өнгөөр эргэлдэж буй бөмбөрцөг мэт харагддаг. Уг чакрад өнгөрсөн амьдралд сурсан бүх ур чадварууд оршиж байдаг бөгөөд кармын хуримтлал бүрэлдсэн байдаг. Мөн сүнсний заяа төөрөг энд зурагдсан байдаг. Сүнсний заяа төөргийн үүднээс авч үзэх юм бол бүх төрлийн сүнс Бүтээгч, Эдгээгч, Багш гэсэн 3 төрөлд хуваагддаг. Бүтээгч заяа төөрөгт багтах хүмүүс урлаг, гар урлал, байгууллага, гэр бүл гэх мэт бүтцэд илүү тохиромжтой байх жишээтэй. 9-р чакра нээгдэх тусам та сүнсний заяа төөргөө илүү ухааран, хүлээн авч эхэлнэ. Жишээ нь Багш төрлийн сүнснүүд асар олон дахин төрсөн, маш их туршлагатай байдаг. Иймээс 9-р чакра нь маш хүчтэй хөгжсөн хүн байвал тэр хүн голдуу Багш заяа төөрөгтэй байх нь бий. Бүтээгч, Эдгээгч хүмүүс Багш заяа төөргийг бодвол туулсан амьдрал, хуримтлуулсан туршлага нь харьцангуй бага байдаг. Энэ бүхнээс харахад 9-р чакра бол хүний мэдлэгийн суурь болдог байх нь бий. Тухайн хүний сүнсний хуримтлуулсан бүх туршлага, мэдээлэл энд агуулагдаж байна. Энэ чакра зүй ёсоор ажиллаж байгаа тохиолдолд хүн хуримтлуулсан мэдлэгийг суу билэг буюу цэцэн мэргэн оюун ухаан болгож, хүссэн үедээ ашиглах боломжтой болно. Чакра хаагдсан тохиолдолд авьяас, мэдлэгээ ашиглахад саад бэрхшээл учирна. Чакра хаагдах гэдэг нь тухайн чакраг бүрдүүлж буй энергийн ширхэгүүд гэмтсэн, дараалал нь алдагдсан, чакра өөрөө бүрэн дүүрэн ажиллахгүй байна гэсэн үг юм.  
        
10-р чакра: Уг чакра нээгдсэнээр хүн өнгөрсөн амьдралд сурсан маш олон ур чадваруудаа нээн илрүүлэх боломжтой болно. Хийж буй бүхэндээ амжилт олж, үр дүнд хүрнэ. Учир нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтаас үл хамааран урд насанд сурсан мэдлэг, чадвараа ашиглах боломжтой болно. Ерөнхийдөө энэ чакра нь дээд түвшний бүтээлч чадвар, аяндаа бүх зүйл болох буюу давхцал байнга тохиох, сүнсний эрэгтэй, эмэгтэй чанар нэгдэх зэрэгтэй холбоотой. Дээд түвшний бүтээлч чанар гэдэг нь амьдралынхаа бүхий л талбарт төгс дээд зохицол, баланс бий болгоно гэсэн үг. Ингэснээр зөв цаг, зөв газар, зөв хүн, зөв үйл явдалтай учрах буюу төгс давхцлууд бий болж эхэлнэ. Уг чакранаас дээд зэргийн бүтээлч, цэвэр ариун энерги урсан гарснаар тухайн хүний хийсэн бүхэн төгс төгөлдөр болдог. Сүнсний эрэгтэй, эмэгтэй чанар нэгдэнэ гэдэг нь тухайн хүний сүнсний энерги баланстай болдог. Гаднаас нь хараад эрэгтэй, эмэгтэй гэж туйлшруулахын аргагүй болно. Хүйсийн тэнцвэржилт буюу өөрчлөлт нэлээд хэдэн жилийн туршид аажмаар явагдаж өнгөрдөг. Уг процесс явагдах үед бэлгийн чиг хандлага төдийлөн өөрчлөгдөхгүй харин үүний оронд эрэгтэй, эмэгтэй ямар ч хүйсийн хүнтэй амар хялбар харьцдаг болно.


Уг чакра нээгдэхэд 2 төрлийн асуудал үүсч болно. Үүнийг жишээгээр тайлбарлая. Тухайн хүн зураг зурах авьяасаа нээж, илүү их зурахаар шийдсэн байг. Хэрэв 10-р чакра нээгдсэн ч 9-р чакра бүрэн нээгдээгүй байвал тухайн хүн хичнээн хичээсэн ч зурах үйл явц нь төдийлөн хөгжихгүй. Харин үүний эсрэгээр сайн зурж чадаж байгаа ч амьдралын хэв маяг гэх мэт бусад шалтгаанаар зураг зурахад саад үүсээд байвал 10-р чакра бүрэн нээгдээгүй байна гэсэн үг. Эндээс та бүхэн хөрш зэргэлдээ чакранууд хоорондоо нарийн холбоотой байдгийг дахин ажиглаж болно.

10-р чакраг блок хийдэг гол зүйл бол айдас. Магадгүй та өнгөрсөн амьдралынхаа таагүй үйл явдлаас болоод ур чадвараа ашиглахаас айдаг байж болно. Иймээс өнгөрсөн амьдралынхаа айдсаас салах эмчилгээ хийх буюу бясалгал хийх хэрэгтэй. Мөн чакра орчмын энергийг балансжуулах замаар үйл ажиллагааг нь хэвийн болгох заслууд хийж болно.

Нөгөө талаас 10 дахь чакра нь Зүрхний чакратай төстэй үйл ажиллагаатай. Зүрхний чакра яадаг вэ гэхээр физик биед байгаа бусад 6 чакраны энергийг хүлээн авч боловсруулдаг. Үүнтэй адилаар 10 дахь чакра бусад сүнслэг чакраны энергийг авч боловсруулдаг. Уг боловсруулсан энергийн тусламжтайгаар та амьдралаа тэнцвэржүүлэн, авьяас чадвараа хөгжүүлэх жишээтэй. Тэгэхээр таны сүнс сэрсэн хэдий ч балансгүй, асуудалтай байвал 10 дахь чакра чинь асуудалтай байна гэсэн үг. Жишээлбэл таны эрэгтэй, эмэгтэй энерги тэнцвэргүй буюу та нэг туйл руу нь хэт автах, сүнслэг ур чадвараа сайжруулж чадахгүй байх, хөгжүүлэхийг хүссэн ур чадвараа хөгжүүлж чадахгүй байх, сүнс нь сэрсэн бусад хүмүүстэй таарч нийцэхгүй байх, биеэс гарах гэх мэт дээд зэргийн ур чадваруудаас айх зэрэг нь 10 дахь чакранд асуудал үүссэнтэй холбоотой.



11-р чакра: цаг хугацаа, орон зайнаас үл хамааран аялах, телепортаци хийх, нэг зэрэг олон газар байх, бодлыг тэр даруйд биежүүлэх, телекинесис буюу эд зүйлсийг алсаас бодлоороо хөдөлгөх гэх мэт дээд түвшний ур чадварууд хөгжинэ. Сүнсний мөн чанар нээгдэнэ. Эдгээр ур чадварууд таныг энэ биеийг орхиж, дараагийн түвшинд шилжихэд хэрэгтэй. 11-р чакранд цаг хугацаа, орон зай, матераас ангид түвшний сүнсний мөн чанар оршиж байдаг. Уг чакраг хөгжүүлснээр та физик ертөнцөд оршиж байхдаа сүнслэг ертөнцийн мөн чанартай танилцах боломжтой болно гэсэн үг юм.

11-р чакра нээгдсэнээр хүн өөрийн олон хэмжээст ертөнцүүдэд зэрэгцэн орших мөн чанараа ухаарна. Физик ертөнцийн амьдрал бол тэр олон хэмжээст ертөнцүүдийн зөвхөн нэг амьдрал юм гэдгийг мэднэ. Үүнээс харахад сүнсээ хөгжүүлэх, гэгээрэх, ухамсраа дээшлүүлэхийн гол зорилго бол энэ амьдралын мөн чанарыг танихаас илүүтэй зэрэгцэн орших бусад бүх оршлынхоо талаар таньж авах явдал болж байна.

Ингээд өөрийн дээд мөн чанарыг таньж эхэлмэгц хүн бусад хэмжээст ертөнцөд хэрхэн яаж амьдарч буй талаараа мэдээлэл авч эхэлнэ. Нөгөө талаас 11-р чакра бол таны сүнслэг ертөнцийн номын сан юм. Эхэндээ ертөнцөөс тасарч, хий юм үзэж буй мэт санагдах хэдий ч энэ бүхэн нь хөгжлийн хэвийн үзэгдэл юм. Ухамсар ийм гайхамшигтэй тэлснээр хүн физик бие, материаллаг оршихуйгаас нэгэнт даван гарсан байх болно. Чакра аажмаар нээгдэх хэдий ч амьдралд олон хүчтэй өөрчлөлтүүд гарах нь бий. Эсвэл прогресс удаан явагдаад юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт санагдаж магадгүй. Юу ч болсон бай та өөрийгөө хайрлаж, ертөнцөд итгэж, урсгалаар явах хэрэгтэй. Тогтворгүй, тэсвэргүй байдал эхний 5 жилд явагддаг бол үүний дараа хүн аажмаар дасаж, процесс нормоороо явагдаж дуусна. Тэнцвэржүүлэхийн тулд сарнайн ягаан өнгөтэй чулуу, кристал, гэрэл зэргийг ашиглаж болно.



12-р чакра: ахисан түвшний сүнслэг ур чадвар, Монадын түвшинтэй холбох холбоос, ухамсрын дараагийн түвшин буюу дээд хэмжээст ертөнц, огторгүй ертөнцтэй холбогдох холбоо оршино. Бүх зүйлтэй нэг гэдгээ мэдэрч, нэг ёсондоо гэгээрнэ.Энэ чакра тасархай гоё өнгөтэй. Та сүнсний нүдээрээ харах юм олон өнгө эрээлжлэн гялбалзах нар мэт санагдана. Энэ чакра яг нар шиг тод хурц тод, халуун дулаан энергитэй. Энэ ч утгаараа таны энергийн гол хүчин чадал энд төвлөрч байдаг. 12-р чакраг нээснээр та физик ертөнцийн амьдралаа өөрчлөөд зогсохгүй сүнслэг ертөнцийн буюу бусад хэмжээсүүдэд байгаа амьдралаа өөрчлөх боломжтой болно. 

12-р чакраны хүчирхэг энергийг зөв цагт ашигласнаар бусад бүх чакраг цэвэрлэж, гэрлийн хурдаас илүү хурдтайгаар эргүүлэн, дэвшүүлж болдог. Үүний дүнд физик биеийг гэрлэн бие лүү шилжүүлэн хувиргана. Ингэснээр хүн энэ ертөнцөд хаашаа л бол хаашаа явах болно. 12-р чакра суурь чакратай шууд холбоотой байдаг. Учир нь суурь чакра нь Кундалини энергийг агуулж байдаг бөгөөд уг энерги нь 12-р чакраг бадраах үндэс суурь юм. Кундалини энерги идэвхжин 12-р чакранд хүрч улмаар хүн цаг хугацаа, орон зайн хэмжээстээс салан дээд оршихуйн хэлбэрт шилжин ордог. 12-р чакра бол огторгуй ертөнц болон түүнээс чанад орших ертөнцтэй холбогдох гарц юм. Уг чакра блоклогдсон тохиолдолд хүмүүс дээд түвшний ур чадваруудаа бүрэн удирдаж чаддаггүй. Жишээ нь санаандгүй байдлаар биеэс гарч аялах, хүн эмчлэх, өдөр тутмын амьдралд садаа болох дүрс үзэх гэх мэт. 

12-р чакра нээгдэхэд саад болдог гол зүйл бол Дэлхийг орхихоос айх айдас юм. Өөрчлөлтөөс айх айдас уг чакраг блоклож байдаг. Чакра нээгдэнгүүт эндээс явна гэж байхгүй. Бүрэн нээгдэхэд нэлээд хэдэн жил төдийгүй бүхэл бүтэн нэг насны амьдрал шаардагдах нь бий. Нөгөө талаас Дэлхий дээр төрсөн зорилгоо гүйцэлдүүлсний дараа л эндээс явдаг тул айх хэрэггүй.
http://www.wisdomsdoor.com/