2015/05/12

Шидэт дүүжин буюу пендилиумын гайхамшиг


Дүүжин бол далд ухамсартай холбогдон, мэдээлэл авах хамгийн энгийн бөгөөд гайхамшигтай хэрэгсэл юм. Дүүжин таны асуултанд тийм, үгүй, магадгүй гэх мэт хариулт өгөхөөс мэдээллийг тоо, хувь, градус зэрэг хэмжилтийн нэгжээр хэлж өгдөг. Дүүжинг эртний Грек, Ром, Египет, Хятад болон дундад зууны Европын улсуудад мэргэ төлөг, алт, эрдэнэс, ус хайж олох гэх мэт төрөл бүрийн зорилгоор ашигласаар ирсэн. Үнэт метал хайх орчин үеийн төхөөрөмж гарахаас өмнө дүүжингээр хайгуул хийдэг байсан гээд бод доо. Дүүжингийн гайхамшгийг тоочоод барамгүй тул энэ нийтлэлд дүүжин хэрхэн сонгон авах, хэрхэн мэдээлэл авах, өөрийн энергийг хэмжих зэрэг хамгийн чухал мэдээллүүдийг оруулая. 

Дүүжинг сонгох, цэвэрлэх 

Дүүжингийн материал нь кристал буюу хагас үнэт чулуу, зэс болон ган байвал тохиромжтой. Утас нь 10-12 см урттай метал тэр дундаа мөнгө байвал сайн. Учир нь кристал болон метал нь энергийг хамгийн сайн дамжуулдаг. Дүүжингээ авсны дараа давстай усанд (1 литр усанд 1 халбага давс) шөнөжин байлгах замаар цэвэрлэх хэрэгтэй. Сар бүр цэвэрлэж байвал зүгээр. Авсан даруйдаа эхний 3 долоо хоногийн туршид өөртөө байлгаж энергиэ шингээгээрэй. Дүүжин таны энергийг дамжуулдаг тул өөр хүнд хэрэглүүлэх ёсгүй. Асуулт асуухдаа энгийн асуултууд асуух замаар итгэлтэй болох хэрэгтэй. Мөн дүүжингээр өөрт хамаатай асуулт асуух гэх мэтчилэн хувийн зорилгоор ашиглах нь чухал. 

Дүүжинг ашиглах аргачлал 
Дүүжинг эрхий болон долоовор хуруундаа чимхэх буюу долоовор болон дунд хурууны хооронд хавчина. Тохойгоороо хатуу гадарга дээр тулах буюу биедээ наалдуулж өгнө. Биеэ сул тавьж, энерги биеэр дамжуулан дүүжинд чөлөөтэй шилжих боломж олго. Дүүжин таны биеийн энергийн нөлөөлөл, далд ухамсрын зааварчилгааны дагуу хөдөлдөг. Нэг ёсондоо таны далд ухамсраас хариултыг энергийн хэлбэлзэл байдлаар хүлээн авч хөдөлгөөнд ордог. Та тийм эсвэл үгүй гэж хариулахаар асуулт асууж, хариулт авах боломжтой. Зарим хүмүүс дүүжингээ нэг гартаа бариад нөгөө гарын алган дээр 2-3 см зайтай барих замаар өөрийн био энергийн сүлжээг идэвхжүүлж, энергиэ чөлөөтэй урсах боломжийг бүрдүүлдэг. Дүүжин сайн хөдлөхгүй бол алгаа атгаж, нээх замаар гарын энергийн хүрд буюу чакраг нээнэ. Мөн сэтгэл санаагаа элдэв эргэлзээ, бодлоос ангижруулснаар зөв шулуун хариулт авах боломжтой. Асуулт асуусны дараа дүүжингийн үзүүрийг гарын алга юмуу аливаа нэг гадаргуу руу ойртуулах замаар энергийг зайлуулж байгаарай. 

Дүүжингийн хариуг ойлгох
Ихэнх хүмүүсийн хувьд нар зөв эргэж байвал ТИЙМ, нар буруу эргэж байвал ҮГҮЙ байдаг. Гэхдээ та дүүжингээ авсан даруйдаа гартаа бариад ТИЙМ гэдэг хариулт өгөхдөө яаж хөдлөх, ҮГҮЙ гэхэд яаж хөдлөх, МЭДЭХГҮЙ буюу АСУУЛТАА ӨӨРӨӨР АСУУ, МАГАДГҮЙ зэрэг хариултуудад яаж хөдлөх талаар мэдээлэл авч болно. Хагас зууван байдлаар эргэх тохиолдол бас байдаг. Энэ хариултыг хэрхэн ойлгохыг та далд ухамсараа сонсох замаар мэдэж аваарай. Мөн хариултын хувилбаруудыг дараах энгийн асуултуудаар туршиж болно.
"НАМАЙГ ... ГЭДЭГ ҮҮ?" "БИ ЭРЭГТЭЙ / ЭМЭГТЭЙ ЮУ?" 

Дүүжинг хэрэглэх нөхцөл байдал

Дүүжин зөвхөн "тийм", "үгүй" гэсэн хариулт өгдөг тул асуултаа зөв асуух нь чухал. Жишээ нь "Би энэ ажилдаа байх уу, яах уу?" гэж асуухын оронд "Би энэ ажлаа үргэлжлүүлэх үү?" буюу эсвэл "Би ажлаасаа гарах уу?" гэж асуух замаар тодорхой хариулт авах боломжтой. Та дүүжинг ямар нэг зүйл дээр барих замаар энергийг нь үзэх боломжтой. Хоол, машин, орон сууц, унтдаг орныхоо байршил, хувцас, эд зүйл гэх мэт энерги шингэсэн бүх зүйл дээр барьж үзэх замаар өөрт нийцэх эсэхийг шийдэж болно. 
Танд хэд хэдэн зүйлээс сонголт хийх шаардлагатай бол дүүжингийн хүснэгт ашиглаарай. 10-15 см радиустай хагас тойрог зураад тойргийг тэнцүү хэсгүүдэд хуваан хариултуудыг байршуулж болно. Уг хүснэгтийг витамин, цай, чулуу сонгох, аураны өнгө мэдэх гэх мэт зорилгоор ашиглах боломжтой. Мөн ямар нэг зүйл эхлүүлэх өдрийг мэдэхийг хүсвэл дүүжинг сар, өдрүүд дээр нэг бүрчилэн барих замаар хариу авч болно. Бас аль улс орон, газар нутаг руу явахаа сонгоход дүүжинг газрын зураг дээр барьж хариулт авах боломж бий. 

Дүүжингээр чакраны энергийн түвшин хэмжих 


Чакра гэдэг нь энергийн хүрд гэсэн утгатай санскрит үг бөгөөд хүний биед 7 үндсэн энергийн хүрд байдаг. Чакра тус бүр нь эрүүл мэнд, зан төлөвтэй шууд холбоотой. Бүх чакра баланстай, идэвхтэй ажиллах замаар хүн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрддэг. Дүүжингээр чакраг хэмжихдээ дээшээ болон доошоо харж хэвтээд чакраны харалдаа дүүжингээ аваачин хөдөлгөөнийг шинжинэ. Дүүжин ашиглаж сурсан хүнээс тусламж авч хэмжилт хийвэл зүгээр. 
  1. Нар зөв эргэх - Чакра нээлттэй - Энерги баланстай, чөлөөтэй шилжиж байна.
  2. Нар буруу эргэх - Чакра хаалттай - Энерги балансгүй, чакра хаалттай буюу блоклогдсон
  3. Дээш доош эсвэл баруун зүүн тийш хөдлөх - Чакра бага тодорхой хэмжээнд хаалттай - Энергийн баланс алдагдсан, чакра бага зэрэг хаагдсан
  4. Баруун / зүүн тийш хөндлөн зууван байдлаар эргэх - Баруун / зүүн чиглэлд чакра тодорхой хэмжээнд хаалттай - Энерги шилжиж байгаа хэдий ч эргэлтийн чиглэлүүдэд хаалт үүссэн
  5. Хөдөлгөөнгүй - Хаагдсан - Ямар нэг энергийн хөдөлгөөн байхгүй буюу бүрэн хаагдсан 
Дүүжингийн эргэлтийн хүрээ, радиус нь чакраны идэвхжлийн түвшинг давхар харуулдаг. Мөн чакраны идэвхжилт болон нээгдлийн түвшинг дээр харуулсан хүснэгтээр хэмжиж болно. 0-100 градус хүртэлх тэмдэглэгээ бүхий хагас хүснэгт дээр дүүжингээ бариад хэмжихийг хүссэн чакраны нэр, байршлыг дотроо бодоход хангалттай. 


Хэрэв аль нэг чакра хурдан идэвхжүүлэхийг хүсвэл чакраны засал хийж болно. Засал хийхдээ тухайн чакраны өнгөтэй лаа, кристал чулуунуудыг өөрийн биед ойр буюу чакраны харалдаа тавиад, идэвхжүүлэх хөгжим сонсон 3-4 цаг орчим хэвтэх хэрэгтэй. Заслын үр дүнг дүүжингээр хэмжиж үзэж болно. Мөн бясалгал, иог, чакра идэвхжүүлэх үнэр, өнгө, амт зэргийг ашиглаж болдог.