2015/06/16

Амин эрчмийн эх булаг


Хүний бодох, суух, инээх, ярихаас өгсүүлээд бүхий л үйл хөдлөлд хэрэг болж ашиглагдаж буй ЭНЕРГИ /АМИН ЭРЧИМ/ нь спиритуализм, эзотерикийн хувьд тун чухал ойлголт юм. Энэтхэгчүүдийн ярьдаг PRANA, Хятадуудын QI /Чи энерги/, Vital force /Амин хүч/ гэдэг нь бүгд нэг ойлголт. Эдгээр нь угтаа амьдралыг тэтгэгч энерги буюу амин эрчим юм. Амин эрчмийн үндсэн 3 эх булаг байдаг нь Нарны амин эрчим, Агаар дахь амин эрчим болон Газрын амин эрчим билээ. 

НАРНЫ АМИН ЭРЧИМ /НАРНЫ ЭНЕРГИ/


Гэрлийн буюу нарны амин эрчим нь нар, галаас үүсэж буй амин эрчим юм. Энэ нь биеийг эрүүл байх нөхцөлийг бүрдүүлж, бэхжүүлж өгдөг. Нарны амин эрчим нь нарны гэрлийн туслалцаатай бий болсон бүхий л зүйлд бий болсон байх төдийгүй ялангуяа нарны гэрэл өөрөө болон нарны гэрэл тусан ариулсан ус зэрэг юм. Нарны гэрэлд хэт удаан байсан зүйл болон хэт их нарны энерги нь эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байдаг. 

АГААР ДАХЬ АМИН ЭРЧИМ /ПРАНА – АГААРЫН ЭНЕРГИ/


Сансрын эрчим, сансрын энерги гэгдэх агаарт орших уг эрчим нь хаа сайгүй бий. Сансар огторгуйгаас эхлэн, эд эс, молекулын түвшин хүртэл бүхнийг бүрхэн авч оршин байдаг. Агаар дахь амин эрчим нь уушгины тусламжтайгаар био плазм биеийн төврүү нэвтэрч энергийн төвүүдэд хүрдэг. Энэхүү энергийн төвүүдийг Чакра /энергийн хүрд/ гэдэг бөгөөд тэд энергийг хувирган хүний биеийн эд эс, ширхэг бүрд тарааж өгдөг. Зөв хэмнэлтэй, гүнзгий амьсгалах нь дутуу амьсгалснаас хэд дахин илүү агаарын амин эрчмийг биед шингээж авдаг. Хүн зөвхөн уушиг гэлтгүй мөн арьсны сүвнүүдээр амьсгалж болдог бөгөөд тусгай сургуулилтад суун энэхүү чадвараа хөгжүүлсэн хүмүүс ч мөн байдаг байна. 

ГАЗРЫН АМИН ЭРЧИМ /БАЙГАЛЬ ЭХИЙН ЭНЕРГИ/


Газрын амин эрчим. Энэ нь хөлийн улаар дамжин биед шингэдэг. Энэхүү үйл ажиллагаа нь автоматаар буюу бид ухамсаргүйгээр энэхүү энергийг шингээж авдаг. Хөл нүцгэн алхах нь газрын амин энергийг шингээж авдаг гэж үздэг. Газрын энергийг ухамсартайгаар хүлээн авах нь түүний амин чанар, багтаамж зэргийг нэмэгдүүлж өгдөг бөгөөд энэ нь хүнийг илүү ухаалаг цэгцтэйгээр ажиллах боломжийг бий болгож өгдөг. Ус нь нарны гэрэл, агаар, газрын энергийг өөртөө шингээсэн байдаг. Ургамал нь өөртөө газрын энерги, нарны энерги, агаар, усыг шингээж өгсөн байдаг бол хүн, амьтан нь тэрхүү амин эрчмээ нарнаас, агаараас, газраас, уснаас, хүнснээс (эрүүл шинэ хүнс нь илүү их энергийг агуулж байдаг ) авдаг. 

ХҮНИЙ БИЕИЙН АМИН ЭРЧИМ 


Хүн дутагдсан амин эрчмийг мөн бусад хүнээс өөрийгөө эмчлэх зорилгоор авдаг. Өөрөөсөө маш их амин эрчмийг цацруулан, ялгаруулдаг хүн ойр орчмынхоо хүн бүрийг сайжруулан, эдгээж байдаг бол харин өөрийн амин эрчим нь дутагдсан хүн бусад хүний амин эрчмээс ухамсаргүйгээр сорж авч байдаг. Тийм ч учраас магадгүй та зарим хүнтэй хамт байхаар сэтгэл санаа тань  тогтворгүй болж, бие тань ядарч чилээрхдэг бол харин эсрэгээрээ зарим хүнтэй хамт байхад ажил бүтэж, хүч орон урам зориг сэргэдэг нь дээрхтэй холбоотой. Та өөрийн амин эрчмийг хэрхэн зохицуулах, нөхөх аргыг сайтар мэдэн авч амьдралдаа хэрэгжүүлснээр ухамсаргүйгээр энерги сорогч байхаа больж энерги бэлэглэгчдийн эгнээнд орон эх дэлхий дээр сайхан амьдралыг бүтээлцэх болно. 


Хүний биеийн амин эрчим буюу энергийн урсгал хаагдсан, түгжигдсэн тохиолдолд хүний бие, сэтгэл, үйлдэлд өөрчлөлт ордог. Энэхүү урсгалыг зөв зохистой явуулах бясалгал, йог, бариа засал, reflexology, зүү төөнүүрээс өгсүүлэн олон олон аргыг хүн төрлөхтөнүүд нээн гаргасан байдаг. Мөн нар, байгаль эхээс ундран гарах энергиэс хамааран хүний биологийн цагийг хүртэл амин эрчим тогтоосон байдаг учир хүн нар жаргахад унтаж, нар мандахад босох нь тохиромжтой гэж үздэг.  

УХАМСАРТАЙГААР АМИН ЭРЧМИЙГ ХҮЛЭЭН АВАХ АРГУУД 

Сансрын энергиэр амьсгалах


Өөрийгөө агаараар бус сансрын энергиэр амьсгалж байна гэж төсөөлж мэдэр. Энэхүү сансрын энерги нь таны биерүү амьсгал авахад чинь орж ирэн таны бие, сэтгэл зүрх бүхнийг ариусгаж байгааг мэдэр. Энэ зөвхөн ганц удаагийн амьсгалалт бус гол адил таны дотогш сансрын энерги урсан орж ирж таны бүхий л биеийг ариусгаж байна. Ийнхүү төсөөлөн мэдэрч амьсгаа авснаа буцааж гаргахдаа өөрийн дотор байсан бүхий л муу муухай бодол санаа, дурсамж сэтгэгдэл бүгд угаагдан гарч байгаагаар мэдэрч төсөөлнө. Таны дотор байсан гэгээлэг бус бүхнийг та амьсгалаа гаргахын хамт бүгдийг гарга.

Нарнаас энерги авах


Арга 1: Үүлгүй нарлаг өдөр задгай газар гарч зогсон хоёр гарын алгаа нар луу харуулан өргөнө. Амьсгалаа аль болох гүнзгий нэгэн жигд авна. Нарнаас ирж буй илч дулааныг өөрийн алган дээрээ мэдэрнэ. Тэрхүү илч, дулаан энерги гарын алгаар дамжин толгой дээрээс эхлэн доош урсан урссаар бүх биеэр урсан хөлөөр дамжин хөлийн улаар урсан өнгөрч байгаагаар мэдэрч төсөөлнө. Энерги авч эхлэх үед таны гарын алга бага зэрэг эрвэлзэх мэдрэмж төрнө. Энэхүү мэдрэмжийг дуусан дуустал та нарны энергийг хүлээн аваарай. 

Арга 2: Нартай өдөр (бусад өдөр болох боловч нарлаг өдөр нарнаас илч дулааныг нь мэдэрч энерги хүлээн авахад илүү үр дүнтэй байдаг) өөрийн тааллаар суун нарнаас тусах илч гэрэл таны эргэн тойронд, газар сайгүй тусаж байгааг мэдрээрэй. Тэрхүү тусаж байгаа цацрагууд амьсгалаар чинь дамжин урсан орж таныг улам бүр гэрэлтүүлэн, таны амьсгалах тоолонгоор тодоос тод гэрэлтүүлж байгааг төсөөлөн мэдрээрэй. 

Газраас энерги авах


Гадаа байгальд энэхүү дасгалыг хийнэ. Тохиромжтой газрыг сонгоод хөл нүцгэн зүлгэн дээр зогсоно. Нүдээ анин гараа алдална. Амьсгалаа нэгэн жигд гүнзгий амьсгаа ав.  Өөрийгөө модны нэгэн адил байгаль эхтэй нуруунаасаа эхлэн гарсан үндсээр холбогдсон байна гэж төсөөлнө. Тэрхүү үндэс хөлөөр чинь дамжин газар эхтэй холбогдоно газрын гүнрүү шигдэж байгаагаар мэдэрч төсөөлөөрэй. Тэрхүү улам олон салаалан саглагар болсон үндсээр дамжин байгаль эхийн энерги чамруу урсан орж ирж байгааг мэдэр. Тэрхүү энерги хөлөөр чинь дамжин бүх биеэр чинь тарж алдлан гарын чинь хурууны үзүүрт хүртэл очиж байгаагаар мэдрээрэй. Энэхүү энерги хүрч байгаа газар оршсон мэт иржигнэн, жирвэгнэх мэдрэмж төрнө. Энэхүү мэдрэмжийг дуусан дуустал энерги аваарай. Энерги авч дуусмагцаа алгуурхнаар нүдээ нээн Байгаль эхдээ талархлаа илэрхийлээрэй. Энэ аргыг газардуулга гэж нэрлэх нь бий. Суурь чакрануудыг сэргээх зорилгоор газардуулга хийдэг. 

Нийтлэгч: Venus Baasansuren
Эх үүсвэр: 
http://www.yogamag.net/
http://www.srichinmoy.org/
http://www.spiritual-healing-for-you.com/
http://www.wellbeingalignment.com/
http://chi-vital-energy.blogspot.com/
http://www.reflexologyegypt.com/
http://www.mkprojects.com/