2015/08/12

ЭГО хяналтаас гарсны 7 шинж тэмдэг


ЭГО-г ойлгох нь бага зэрэг ярвигтай байдаг учир аль болох энгийн байдлаар тайлбарлая. Эго гэдэг нь таны өөрийн талаарх тогтсон ойлголт буюу хувийн имиж, дүр төрх юм. Эго таныг бусдаас салангид тусгаар хүн мэт санагдуулахад хүргэдэг. Энэ бол таны "БИ" гэх ойлголт бөгөөд ихэнх хүмүүс өөрийгөө "БИ"-гээр тодорхойлдог. Эго бол таны сүнс, дээд би биш бөгөөд харин дээд би-гийн физик ертөнцөд буюу хүний ертөнцөд хувь хүн байхын тулд зүүсэн маск, өмссөн хувцас төдий зүйл юм. Эго нь дээд би-гийн хайрлах мөн чанарыг халхлан далдалдаг учраас эго их байх тусам дотоодоос ундрах хайр, хүнлэг чанар дарагдахад хүрдэг. Эго хэдийгээр чухал хэрэгцээтэй хэдий ч хэрээс хэтэрсэн тохиолдолд хайраас нүүр буруулж, хүнлэг бус үйлдэл хийхэд хүргэх нь бий.

Эго бол чиний сүнсний жинхэнэ мөн чанар биш гэдгийг ойлгосноор эгогоос бага зэрэг ангижирч, хүлээснээс нь суллагдахад тустай. Хэрэв та өөрийн эгоноос бага зэрэг хагацвал дээд би-гээс ирэх зөн билэг, зааварчилгааг дагахад илүү хялбар болдог . Ингэснээр шийдвэр гаргахдаа өөрийгөө бусдаас тусгаарласан, хязгаарлагдмал өнцгөөс бус харин хайр, хүнлэг сэтгэлийн үүднээс хандах боломжтой. 

Эго хяналтаас гарсныг илтгэх хэд хэдэн шинж тэмдэгийг дор дурдлаа. Бид эдгээр зүйлсийг байнга л хийж байдаг. Энэ нь зүгээр. Гэвч эдгээр дохио, шинж тэмдгийг анзаарч ухаарснаар эдгээрийг хялбар таньж, эгодоо баригдаж буйгаа мэдэж авдаг. Эго хяналтаас гарсныг ухаарснаар бид өөрт хэрэггүй баг буюу хувцсыг тайлж хаях боломжтой болно. Бид тусгаарлал бол хий хоосон зүйл бөгөөд бид бүгд хоорондоо холбоотой, нэгдмэл цогц гэдгийг санана.

Эго хяналтаас гарсны шинж тэмдгүүд:

  1. Үе үе гомдоллох
  2. Бусадтай маргах, мэтгэлцэх
  3. Шүүмжлэлд эмзэглэж, өөрийгөө хамгаалах
  4. Өөрийгөө шүүмжилж, муулах
  5. Уучлал гуйж чадахгүй буюу бэрхшээлтэй байх
  6. Туйлын тэвчээргүй байх
  7. Бусдыг шүүмжлэх
Танд эдгээр шинж тэмдгээс ажиглагдсан бол эго хяналтаасаа гарсан гэсэн үг бөгөөд бид өөрийн дээд би буюу дотоодын хүчнээс салсан байна гэсэн үг юм. Эго өөрийгөө энэ ертөнцийн бусад бүх зүйлсээс салангид, тусгаар гэдэгт гүн гүнзгий итгэдэг учраас дээр шинж тэмдгүүд илэрдэг. 

Эго өөрийгөө бусад бүх зүйлээс тусгаар гэж үзсэнээр өөрийн ач холбогдлыг өөртөө болон "бусдад" батлахыг хичээдэг. Эго өөрийг нь бусдаас ялгаатай болгож буй зүйлс нь өөрийг нь "буруутгахад" хүрэх вий гэхээс айдаг. Иймээс хяналтгүй болсон эго маш түрэмгий, эмзэг байдаг бөгөөд өөрийгөө "үнэн зөв" гэдгийг батлахыг хүсдэг байна. Дээд би-д өөрийгөө хамгаалах, батлах хэрэг байдаггүй. Тэрээр энэ физик ертөнцөд тусгаарлагдсан мэт орших бүх зүйлс өөр хоорондоо холбоотой байдгийг мэддэг. Дээд би-тэй маш сайн холбоотой хүн хайр, энэрэл, тэвчээрт суурилсан сонголтуудыг хийдэг бөгөөд бүх зүйл нэгдмэл гэдгийг ойлгодог. Бие биендээ туслах нь өөртөө тусалж буй хэрэг юм гэдгийг мэддэг аж. 


Өөрийн эготойгоо эрүүл харилцаа холбоо тогтоохын тулд өдөр бүр бясалгаж байх нь гайхалтай ач тустай. Бясалгал хийх үед хүн өөрийн дээд би-тэй холбогдож, эго-гийн бодлуудыг харьцангуй өндөр түвшнээс ажиглан таньж эхэлдэг юм. Бясалгал гэдэг нь хөндлөнгийн бодлуудыг намжааж, нэгдмэл цогц ертөнцтэй илүү гүнзгий түвшинд холбогдох явдал юм. Бясалгаж дадах тусам хүн эго гэдэг бол жинхэнэ мөн чанарын маск төдий зүйл юм гэдгийг хялбархан ойлгодог болно. Яваандаа эгоны таагүй нөлөөлөл арилж, хувь хүн эго-д тулгуурласан сонголт хийж буй эсэхээ хялбархан тодорхойлж сурдаг. 

Эго бол "муу" зүйл биш юм. Бид өөрийгөө хувь хүн гэдгийг мэдрэхийн тулд эготой байх шаардлагатай. Эгоны тусламжтайгаар бид хоорондоо тусгаарлагдмал мэт мэдрэмжийг амсдаг. Гэвч бид өөр хоорондоо холбогдсоноор хайр, аз жаргал, элбэг хангалуун амьдралыг бүрдүүлж чадна. Иймээс бид өөрийн дээд би-тэй хүчирхэг холбоотой байх нь чухал. 


Эгоноос салж хагацах буюу үүнийг шийтгэх нь чухал биш харин эго-нд бага ач холбогдол өгөх нь чухал юм. Эго-г энэ ертөнцийг таньж мэдэх ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Гэвч бид хэрхэн бодох, үйлдэх эсэх тал дээр эго-гоор шийдвэр гаргуулахгүй байх нь чухал. Дээд би-д шийдвэр гаргах эрх мэдлийг олгосноор бид илүү аз жаргал, эрүүл энх, элбэг дэлбэг байдлыг авчрах энергийн өндөр хэлбэлзэл бүхий шийдвэрүүдийг гаргах боломжтой болно.

Тиймээс бид бясалгал хийснээр дотоод мэдрэмж, "нэгдмэл" мөн чанартай холбогдож чадна. Улмаар бид бүх зүйлс нэгдмэл цогц гэдгийг ойлгосны үндсэн дээр шийдвэр гаргаж, сонголт хийж эхэлдэг. Бид бусдыг өөрсдийнхөө нэг хэсэг болохыг ухаарснаар өөртэйгээ хэрхэн харьцахыг хүсдэг шигээ харьцдаг болно. Ийнхүү бид хяналтнаас гарсан эго-г сургаж, дээд би-гийн гэрлийг нэвт гэрэлтүүлэх боломжтой.

Эх үүсвэр: http://peacefulwarriors.net/7-signs-your-ego-might-be-out-of-control-and-how-to-tame-it/
Орчуулсан: Баасансүрэн
Хянан нийтэлсэн: Хандсүрэн