2015/09/05

Аура Алхим дасгал


Сүүдэр бие буюу өөрийн эго, сөрөг итгэл үнэмшлүүдтэйгээ тулж даван туулсны дараа яах вэ? Хүн өөрийн далд ухамсарт буй дурсамжуудыг суллаж, дотоодтойгоо ажиллаж дууссаны дараа ч гэсэн сэтгэл зовиуртай байх нь бий. Сүүдэр бие тэр чигээрээ алга болдоггүй. Энэ бол таны нэг хэсэг. Та тэр хэсгийг ухамсарлаж, анхааралдаа авч, гэрлийг тусгах замаар өөрийн нэг хэсэг болгож байгаа юм. Та өөрийн дотоодод буй хамгийн том дайсан, мангастай нүүр тулсны дараа “одоо яах вэ” гэж асууж байгаа бол одоо өөрийн гэрлэн биетэйгээ учрах цаг иржээ. Цаг нь ирэхээр багш гарч ирдэг гэдэг бөгөөд өөрийн гэрлэн бие буюу жинхэнэ мөн чанарыг таних цаг иржээ.

Сүүдэр бие өнгөрсөн дурсамж, цаг хугацаатай холбоотой байдаг бол гэрлэн бие цаг хугацаанаас ангид буюу мөнхийн одоо цаг дээр оршиж байдаг бөгөөд Бурхан Эх үүсвэр Мөн чанар Цэвэр ухамсрын төгс илэрхийлэл биелэл юм. Тэгэхээр өөрийн сүүдэр бие буюу эго, сөрөг харанхуй бүхнийг гэрлэн биеийн тусламжтайгаар гэрэлтүүлэн өөрчилж, хувиргах нь хүн төрөлхтний сүнслэг хөгжлийн дараагийн үе шат юм.


Тэгээд сүүдэр бие ба эгог хувиргахын тулд бид сөрөг сэтгэл хөдлөлүүдээ ажиглаж, нүүр тулж, хүлээн зөвшөөрч, тавьж явуулах шаардлагатай. Хэрэв та ямар нэг сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөл мэдрэх юм бол тэр даруйдаа анхааралдаа ав. Амьсгалаа титэм чакрагаар буюу зулайгаараа дамжуулан авч байна, цагаан гэрэл таны зулайн оройноос нэвтрэн орж байна гэж төсөөлөөрэй. Сэтгэл хөдлөлөө зүрхнээсээ мэдэр. Хэнээс, юунаас болж ийм мэдрэмж төрөв гэж огт бодох хэрэггүй. Зүгээр л сэтгэл хөдлөлийг ажиглаж, мэдэрч, яг ямар сэтгэл хөдлөл болохыг олж тогтоо. Юу мэдэрч байгаагаа ухаарсны дараа “Миний санаа зовж байна. Би энэ мэдрэмжийг ЯГ ОДОО хүлээн зөвшөөрч байна” гэж өөртөө хэлээрэй. Та сэтгэл хөдлөлөө ялгаж танихгүй байж болно. Тэр тохиолдолд зүгээр л тухайн мэдрэмжийг ойлгож, хүлээн авч, суллан тавих нь л чухал. Энэ үед ЭГО гарч ирээд ямар нэг учир шалтгаан хайж, логик дүгнэлт хийхийг оролдож магадгүй. Тэгэх хэрэггүй, ингэх хэрэгтэй, яагаад гэх зэрэг асуултууд гарч ирвэл бүү тоо. Зүгээр л байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөр.

Тэгээд уг мэдрэмжтэй холбоотой ямар нэг дурсамж сэдэрвэл түүнийг хүлээн авч, дотроо төсөөлөн, сэтгэл санаагаараа дахин мэдэр. Үүнтэй холбоотой сэтгэл хөдлөлийг сэтгэл зүрх, биеэрээ мэдэр. Уг мэдрэмж таны биеэр бүрэн дүүрэн түгэн тарахыг хүлээн зөвшөөр. Таны биеийн аль хэсэгт илүү мэдрэгдэж байгаад олж тогтоогоод тухайн хэсэгт энэхүү мэдрэмж чинь гэрлэн бөмбөлөг болсон байна гэж төсөөл. Тэр гэрлэн бөмбөлөгийнхөө өнгийг өөрийн зөн мэдрэмжээр сонгож болно. Гэрлэн бүрхүүл улмаар энэ өнгө рүү хувиран өөрчлөгдөж байна гэж төсөөл.


Амьсгалаа авах үед таны сэтгэл хөдлөлийн бөмбөлөг томорсоор байна гэж төсөөл. Улам илүү томрох боломжийг олго. Энэ бөмбөлөг томорсоор томорсоор таны байгаа өрөөг дүүргэхүйц том болж байна гэж төсөөлөөрэй. Амьсгал авах бүрдээ уг сэтгэл хөдлөл, мэдрэмжийг бүрэн дүүрэн мэдэрч улмаар таны бие махбодыг бүхэлд нь уусгаж буй мэтээр төсөөлнө. Тэгээд таны биеэс илүү том болсных нь дараа уг сэтгэл хөдлөлийн бөмбөлөг таны урд талд байна гэж төсөөл. Тэгээд түүнийг өөрийн дотоод би буюу таны дотор буй хүүхэд мэтээр төсөөл. Энэ бол таны нэг хэсэг бөгөөд та түүнээс “Чи одоо юу мэдэрч байна вэ?” гэж асуугаарай. Тэгээд ямар нэг хариулт ирэхгүй бол “Яг одоо намайг юу мэдээсэй гэж хүсч байна” гэж асуугаарай. Энэ үед “Би хэнд ч хэрэггүй” “Би бүх зйлсээс айж байна” “Би алдаа гаргачих вий дээ” гэх мэт тодорхой итгэл үнэмшлүүд тодрон гарч ирдэг. Уг гэрлэн бөмбөлөгтэйгээ яг л өөрийн хүүхэдтэй харьцаж буй мэт харьцаж “Би чамайг гээд тэр сөрөг итгэл үнэмшлийнхээ нэрийг хэлнэ, нөхцөл болзолгүй хайр, тэнцвэртэй, аз жаргалтай байдал руу хувиргаж байна” гэж хэлээрэй.


Тэгээд энэхүү сөрөг итгэл үнэмшлийг агуулсан энергийн бөмбөлөгийг өөрийн биед шингээн амьсгалаарай. Энэхүү бөмбөлөгний өнгө нь таны харгалзах өнгөтэй чакра буюу энергийн өнгөнд шингэн орох болно. Жишээлбэл таны бөмбөлөг цэнхэр өнгөтэй бол энэхүү цэнхэр бөмбөлөгийг хоолойн чакранд шингээнэ. Ногоон бол зүрхний чакра руу чиглүүлэн амьсгалаарай. Амьсгаагаа гаргахдаа энэхүү гэрлэн бөмбөлөг таны чакраны төвд эргэлдэн байна гэж төсөөлөөрэй. Энэ бөмбөлөг таны чакраны нэг хэсэг болж байгааг мэдэрнэ. Тэгээд тухайн чакран дээр гараа тавиад “Би чамайг өөрийн дотоодын мөн чанарын нэг хэсэг болголоо. Би бол чи. Чи бол би. Бид бол эх үүсвэр” гэж хэлээрэй.


Бидний өнгөрсөн одоо ирээдүйд орших сүүдэр бие нь нэг том бодлын биет юм. Энэхүү дасгалыг хийснээр энэ хэсэг өндөр энерги бүхий эерэг хүчин зүйл болж хувирдаг. Ой санамж, дурсамжаар дамжуулан бид сөрөг итгэл үнэмшлүүдээ тодорхойлж болдог. 4-с дээш хэмжээстэд цаг хугацаа гэж байдаггүй бөгөөд бүх зүйл одоо цаг дээр оршдог. Энэхүү дасгалын тусламжтайгаар бид хүний бүтээсэн цаг хугацааны тухай ойлголтоос ангид түвшинд сүүдэр биеэ хувирган одоо цаг дээрх өөрсдийн нэгэн хэсэг болгодог. Уг дасгалыг хийсний дараа сөрөг дурсамж, итгэл үнэмшил үгүй болж таны нэг хэсэг болон хувирдаг юм.

Харанхуйн нөгөө талд тавтай морил. Гэрэл хайр дүүрэн амьдрахад тань амжилт хүсье. Памела Аарилин

Эх үүсвэр: http://www.aurareader.com/1/post/2015/03/walking-in-the-light-of-the-shadow-body-aura-alchemy-process.html