2015/11/23

5 ХЭМЖЭЭСТ ЕРТӨНЦ - BY BASHAR


Башар бол гайхамшиг. Тэр сүнслэг болон шинжлэх ухааны маш олон тайлагдашгүй, нууцлаг асуултуудад баттай хариулт өгдөг гайхалтай эх үүсвэр, дуу хоолой юм. Энэ удаад 5 хэмжээст ертөнц, ухамсар, энерги, паралель ертөнц, шилжилтийн талаарх лекцүүдийнх нь хэсгийг та бүхэнд хүргэж байна. 

Сэрүүн зүүд болон 4 хэмжээст


Асуугч: Та хэлэхдээ зүүд бол амьдралаас илүү бодьтой /real/ гэж хэлсэн. 
Башар: Тийм ээ, сэрүүн зүүд бол та зүүдэндээ дундаа зүүдэлж байгаагаа мэдрэх явдал бөгөөд зүүдээ мөн бодит байдлаа өөрөө бүтээж байгаагаа ухаарч байгаа хэрэг юм.

Асуугч: Тэгэхээр зүүдлэнэ гэдэг нь 4 хэмжээстэд /dimension/ орно гэсэн үг үү? 
Башар: Бид хэмжээсийг нягтшилаас /density/ салгаж ойлгох хэрэгтэй. Зүүдэндээ та нягтшил багатай хэсэгт очдог. Энэ үед цаг хугацааг товчилсон мэт санагддаг. Мөн зүүдэнд цаг хугацаа, орон зайн шилжилт амархан явагддаг. Хэмжээст болон нягтшилын ялгааг тайлбарлаж өгье. Хэмжээс гэдэг бол яг л нэг том тив гэсэн үг. Нягтшил гэдэг бол тэр тив дээр нэг хэсэг газар, улс гэсэн үг. Хэмжээс нь дотроо олон түвшний нягтшилтай байж болно. Өөрөөр хэлбэл тухайн хэмжээстэд энергийн хэлбэлзлийн давтамж нь өөр олон түвшний нягтшил байж болно гэсэн үг. Та нэг нягтшилаас нөгөө нягтшил руу шилж болно. Бас нэг хэмжээсээс нөгөө хэмжээс рүү шилжиж болно. Гэхдээ хэмжээс нь том учраас хэмжээс хоорондын шилжилт нь нягтшил хоорондын шилжилтээс илүү том байна. Та нар 4 хэмжээстэд байгаа бөгөөд 3-р түвшний нягтшилаас 4-р түвшний нягтшил руу шилжиж байгаа юм. 4 хэмжээс гэдэг урт, өргөн, өндөр гэсэн эзэлхүүний 3 хэмжигдэхүүн тэгээд цаг хугацаа юм.

5D буюу хэмжээстүүд


Та бүхний 3 хэмжээст ертөнц нэрлэж байгаа ертөнц бол үнэндээ 4 хэмжээст ертөнц юм. Урт, өндөр, өргөнөөс гадна 4 дэх хэмжээст бол цаг хугацаа юм. Та бүхэн аль хэдүйн 4 хэмжээстэд амьдарч байна. Харин 4-р түвшний нягтшил руу шилжинэ гэдэг нь 5 хэмжээст рүү шилжиж байгаа гэсэн үг. 

5 хэмжээстэд шилжиснээр физик буюу материаллаг байдал байна, хоёрдмол, туйлширсан хэв төлвүүд ч байна. Гэхдээ цаг хугацаа, орой зай илүү уян хатан болох болно. Та гулсамтгай, шилжимтгий болно. Ингэснээр амьдралд чинь илүү их давхцалууд тохионо. Энэ нь бүх зүйл одоо цаг дээр болдог бөгөөд бүгд хоорондоо холбоотой, нэгдмэл болохын материаллаг ертөнц дээрх илрэл юм. Давхцал бол 4-с 5 хэмжээст рүү буюу  3-р түвшний нягтшилаас 4-р түвшний нягтшил руу шилжиж байгаагийн илрэл, шинж тэмдэг. 


Та илүү тайван, сул чөлөөтэй байснаар одоо цаг дээрээ илүү их амьдарч сурах болно. Цаг хугацаа, орон зайны тогтсон ойлголтоос өөрийгөө чөлөөлснөөр цаг хугацаа, орон зайд илүү гулсамтгай, чөлөөтэй шилжилт хийдэг болно. Чиний ухамсар цаг хугацаа, орон зайд илүү чөлөөтэй аялдаг болно. Ухамсраа дээшлүүлж, энергийн давтамжаа дээшлүүлснээр та одоо цаг дээрээ илүү амьдардаг болно. Учир нь БҮХ ЗҮЙЛ ОДОО ЦАГ ДЭЭР ОРШДОГ. Та одоо цаг, энэ мөч хором, орон зайг илүү мэдэрч, амьдарч сурснаар цаг хугацаа, орон зайн ойлголтоос илүү сулрах болно. Хүмүүс хийх зүйлсээ маш нарийн төлөвлөдөг. Ийм ийм зүйл хийж тэгнэ, ингэнэ гэдэг. Ингэснээр эргээд цаг хугацаа, орон зайн хэмжээстэд баригддаг юм. Та одоо цаг дээр амьдарч, бүх зүйл яг энд, одоо оршиж байна гэдгийг ухаарснаар хүссэн зүйлсээ хурдан биежүүлэх боломжтой. 


Мөн одоо цаг дээрээ байснаар бусад хэмжээст, энергийн давтамжид байгаа зүйлсийг харах, сонсох, мэдрэх боломжтой. Илүү олон хүн харь гаригийн хөлөг, нас барсан хүмүүсийн сүнс, өөр ертөнцийн гэрэл зэргийг харж, сонсож, мэдэрч байна. Учир нь хүмүүсийн мэдрэмж дээшилж, одоо цаг дээр зэрэгцэн оршиж буй зүйлсийг мэдэрдэг болж байна. Өмнө нь бол бараг 99 хувийг нь шүүлтүүрдэж, мэдэрдэггүй байсан. Одоо бол шүүлтүүргүй хүлээж авч сурч байна. 

5 хэмжээс гэдэг бол физик буюу бүрэн материаллаг ертөнцийн хамгийн сүүлийн давхарга юм. Үүнээс цааших оршлын төлөв хагас материллаг болон энерги хэлбэрт оршиж байна. Манай иргэншил хагас материаллаг, хагас энерги хэлбэрт оршиж байгаа бөгөөд яваандаа цэвэр энерги төлөвт шилжинэ. Харин та бүхэн материаллаг хэлбэрээс хагас материаллаг руу шилжиж байна. 


5 хэмжээстэд цаг хугацаа шулуун хэлбэрт оршихоо больдог. Иймээс та урд, хойд нас гэлтгүй бүх амьдрал нэгэн зэрэг оршиж байгаа учраас хүссэн амьдралаа сонгон ахуй ойлголт авч болно. Энергийн давтамж өндөр байгаагийн нэг илрэл бол цаг хугацаа шугаман буюу дэс дараалалтай байхаа больж хүн хэд хэдэн амьдрал, паралель ертөнцийг зэрэг мэдрэх боломжтой. Бүр өндөр түвшинд бол та физик / материаллаг ертөнц дээрх бүх амьдралаа 1 зэрэг мэдэрч туулах болно! Үүнийг киноны хальстай зүйрэлж болно. Таны физик ертөнц дээрх 1 амьдрал бүр нэг хальсан дээр байг. Та хальснуудыг дарааллаар нь биш бүгдийг нэг дор нэгэн зэрэг харахтай л адил юм. 

Гэрлэн бие болон дэвшил, хөгжил


Асуугч: Та хүний гэрлэн бие болон физик махбодийн талаар ярьж өгөхгүй юу?
Башар: Энгийнээр хэлэхэд та бол өндөр давтамжтай энерги буюу ухамсар юм. Та нар өөрсдийнхөө энергийн давтамжийг өөрчлөх замаар биеэ нягтшуулан физик бие махбодьтой болсон. Зүйрлэх юм бол та нар бол усны уур бөгөөд нягших замаар ус болоод цаашлаад мөс болохтой адил. Бүх зүйл энерги бөгөөд та өөрийн хэлбэлзлийн давтамжийг өөрчлөх замаар хүссэн хэлбэр, илэрхийлэлд шилжих замаар өөр өөр туршлага хуримтлуулж байгаа юм. 

Асуугч: Бид Алтан Эринд шилжиж байгаатай холбогдуулан хэрхэн дэвших вэ?
Башар: Та бол цэвэр ухамсар бөгөөд, таны бие бол таны ухамсрын нэг хэсэг юм. Энергиэ дээшлүүлэх замаар гэрлэн биеэ идэвхжүүлэх гэдэг нь хэлбэлзлийн давтамжаа нэмэгдүүлэн, ухамсрын түвшнээ дээшлүүлэх замаар, материаллаг ертөнцийн хүрээнээс тэлж гарах гэсэн үг юм. 

Асуугч: Олон хүн дэвшиж байгаа юу?
Башар: Үгүй. Зөвхөн ухамсраа дээшлүүлж байгаа хүмүүс л дэвшинэ. Маш олон паралель ертөнц буюу хувилбарууд байгаа. Хэлбэлзлийн давтамжаа дээшлүүлэх замаар хүмүүс тухайн давтамжинд нийцэх паралель ертөнц /дэлхийн өөр нэг хувилбар/ рүү шилжих болно. Дэлхий дээр өмнөх үетэй харьцуулахад илүү олон хүн ухамсраа дээшлүүлж, шилжилт хийж байгаа нь бол үнэн. Гэхдээ бүх хүн тэгнэ гэсэн үг биш. Хязгааргүй олон сонголтын хувилбар байгаа тул хүн бүр өөрийн хэлбэлзлийн түвшинд шилжилт хийж байна. Дэлхий өөрчлөгдөж байгаа юм биш. Дэлхийн хэдэн тэрбум хувилбар оршиж байгаа бөгөөд та өөрийгөө өөрчлөх замаар тухайн нөхцөлд нийцсэн буюу хэлбэлзлийн давтамжид орших Дэлхий рүү шилжин очих болно

Паралель ертөнцүүд ба шилжилт



Бүх зүйл одоо цаг дээр зэрэгцэн оршиж байдаг. Өнгөрсөн, ирээдүй бол хуурмаг ойлголт бөгөөд одоо цагийн нэг хэлбэр л юм. Та хором мөч бүрт өчнөөн тэрбум паралель ертөнц хооронд шилжиж байна. Өмнөх паралель ертөнц дараагийнхтай маш төстэй бөгөөд өчүүхэн төдий ялгаатай байна. Паралель ертөнц хоорондын ялгааг мэдмээр байвал илүү өөр ертөнц рүү л шилж. Өөрчлөлтийн мөн чанар бол шилжилт. Амьдралын өөрчлөлт гэдэг бол паралель ертөнц хоорондын шилжилт юм. Та өөрийн хэлбэлзлийн түвшнийг өөрчлөх замаар тухайн түвшинд нийцэх паралель ертөнцөд очиж байна. Бусдыг өөрчлөх шаардлагагүй бөгөөд өөрийн хэлбэлзлийн түвшнийг өөрчлөхөд л хангалттай.