2015/11/20

ИХЭР СҮНСЭЭ ХЭРХЭН ДУУДАХ ВЭ?


Миний сүнсний хөтөч Каан 2014 оны 7-р сард намайг нойрноос минь сэрээснээр энэ бүхэн эхэлсэн юм. “Удаан Америк хүн минь, босоорой. Америкчууд та нар яагаад ингэтлээ их унтацгаадаг байна аа?! Зам мөрөө дагаж явах чинь чухал зүйл шүү дээ. Чи энэ сүнслэг аяллын замыг ганцаараа туулах учиргүй...” гэж тэр намайг хайр найргүй угз татан сэрээхдээ хэллээ. “Одоо бас юу гээд унав аа?” гэж би хөнжил доороосоо бувтнав. 

“Чамайг өөртөө хайртай, чамд хэрэгтэй зүйл бол өөрөө өөрийгөө хайрлах явдал гэдэгт итгэдэг гэдгийг чинь би мэднэ. Гэхдээ энэ бүхэн чинь үнэн байсан бол чи манай улс, миний хүмүүст дуудагдахгүй байсан юм. Санаач! Яг одоо!” гээд миний дээгүүр хөрвөөж ирснээ нүдийг минь нухаллаа. Би хөнжлөөсөө сугаран нүдээ хагас аниатай чигээрээ ширээ, хуучирсан лаптопынхоо ард суув. Би “Чи үнэхээр тэвчээртэй юм аа, Каан” гэж хэлээд санаа алдангаа нүднийхээ булангаар инээмсэглэж байгааг нь харлаа. “Чи дийллээ. Энэ удаа юу хиймээр байгаа юм?”


“Өөрийнхөө хэн байсныг эргэн санаач. Чи бол Цагаан Дарь Эхийн эргэн төрсөн дүр. Чиний оршин байгаа мөн чанарын хүчирхэг нэгэн хэсэг бол энэ юм. Цэнд хэзээ ч чам шиг ингэж залхуурахгүй байсан даа. Чи сүнснүүдийн хоорондын харилцан хамааралтай байдлыг хэзээ ойлгох болж байна аа?” гэж уурлангуй хэллээ. 

“Сонсооч... Каан, би чамайг хичнээн их хүндэлдгийг чи мэднэ. Гэхдээ би бол жирийн хүн. Би хүүхдийнхээ ээж нь бас найз нөхдийнхөө найз нь. Миний зорилго бол нүдэнд үл үзэгдэх байдлаар бусдад туслах явдал. Би бол Памела. Тэгээд л боллоо. Чамайг яагаад миний хөтөч болсон тэр шалтгаанаа олоосой л гэж хүсч байна” гэж би тайвнаар гал тогооны ширээний араас хариулаад муураа хоолныхоо савны өмнө өрөвдөлтэйгөөр мяалж байгааг хараад: “Харж байна уу? Муур, хүүхдүүд, амьдрал... тэгээд л гүйцээ. Каан чи намайг ямар завгүй болохыг харахгүй байна гэж үү?” гэлээ. 

“Яг тийм. Чи бол ЭЭЖ. Тэнгэрлэг Ээж. Ээжүүд хүүхдүүддээ тусалдаг.  Газар дэлхий дээрх чиний хүүхдүүд бол чиний туслалцаа хэрэгтэй цорын ганц хүмүүс биш. Цэндийн дуудлагыг хүлээж аваад өөрийн салшгүй нэг хэсгээ мөн дууд! Яг одоо! Хэрэв тэгэхгүй бол чиний хүний ертөнцөд байх цаг хугацаа чинь багасах болно. Яг одоо бол цаг хугацаа чиний найз биш. Чамд 2015 оны 9 сар хүртэлх хугацаа үлдсэн байна. Яг одоо хөдөлж эхэл!”

“Тэрний дараа яана гэж, Каан? Яагаад Цаг хугацаа дуусна гэдгээс айж байгаа юм бэ? Хүний ертөнцөөс гадна талд цаг хугацаа гэж байхгүй шүү дээ!” гэж би бухимдлаа. “Тэрнээс гадна надад миний “ихэр” гэж байхгүй байсан ч одоо миний амьдралд байгаа бусад сүнслэг найзууд байхад хангалттай. Намайг бүхэл болгож өгөх гадны зүйл надад хэрэггүй.”

“Чиний ихэр сүнс бол ЧИНИЙ нэг тал болохоос биш чиний гадна байдаг зүйл биш. Та хоёр бие биенийхээ мөн чанарыг агуулж байдаг. Сүнслэг зорилгоо биелүүлэхийн тулд хамтран байгуулсан сүнсний гэрээнийхээ дагуу та хоёр бие биеэсээ хамаарсан харилцаатай байдаг. Би сүр бадруулмааргүй байгаа ч хүний хувьд цаг хугацаа гэж байхаас гадна чиний тэр цаг хугацаа чинь дуусч байна.” 


“Тэгээд тэр ИХЭР-ийг хайж олохын тулд надаар юу хийлгэхийг хүсээд байгаа юм бэ?” гээд би тэсэлгүй “Монгол руу очих хэрэг үү?” гэж санаа алдлаа. “Арай болоогүй. Одоо бол уулзах цаг биш. Гэхдээ 9 дүгээр сараас өмнө ямар нэгэн байдлаар холбогдох ёстой. Чиний ихэр сүнсийг дуудахын тулд би чамайг та нарын “урьд насны амьдрал” гэж нэрлэдэг акашийн түүхээр чинь аялуулах болно.”  

Кааны анхааруулсанчлан өөрийн акашийн түүх буюу хамгийн сүүлийн урьд насныхаа амьдрал руу эргэж очих тун амаргүй аялал байлаа. Миний гэрлэн бие хязгааргүй үргэлжлэх,  харанхуйгаас өөр юу ч үгүй өнөөх танил хонгилоор явсаар өөрийн очих ёстой газар болох эртний Египетэд хүрлээ. Миний сүнсэн бие хүнийх шиг боловч хүнийхээс олон талаараа ялгаатай биеийн хэлбэрт оров. Арьсны өнгө минь цэнхэр бөгөөд хатан хааных шиг толгойн гоёлтой байгаагаа анзаарлаа.     


Харанхуй хонгилын цаад үзүүрээс Кааны хоолой чанга цуурайтан “ЯГ ОДОО түүнийг дууд!” гэх нь сонсогдов. “Би эртний Египетэд хүртэл чамаас зугтаж чадахгүй нь ээ” гэж намайг ёжлон инээхэд Каан: “Хурдлаач!” гэж шаардангуй хариуллаа. 

“Би хэн юм бэ?” гэж өөрөөсөө асуух тэр агшинд дуу хоолой минь цуурайтан буцаж надад сонсогдох шиг болов. Титэм чакранаас минь миний нэгэн хувилбар үүсэн өмнө минь гарч ирлээ. “Би бол чи. Чи бол би. Би бол чиний нэг дүр болох Сехметийн бас нэгэн дүр нь. Бид бол Нэг бүхэл. Харин чамд намайг хайж олох хүний ертөнцийн цаг хугацаа тун бага байна.”   

“Би чамайг олж чадахгүй, Бастет. Би чамайг олохыг эцэс төгсгөлгүй оролдсон. Чи миний, хүний хүрч чадах хүрээнд байхгүй байхад би яаж олох вэ дээ. Чи намайг хайж олох ёстой. Цаг нь болмогц би чамайг намайг хайгаач гэж дуудах болно.” “Өөрийнхөө байгаа газраас л намайг хай. Би өөрийн хүрээгээ чиний дуудлаганд хариу өгөхүйц том болгон сунгана.” 


Бастетыг төлөөлж байсан үзэсгэлэнтэй гэрлэн бие миний зүрхэн чакра руу орж гэртээ байгаа юм шиг сэтгэл зүрхэнд минь тухаллаа. Тэр мөчөөс эхлэн түүний талаар улам ихийг мэдэх гэсэн гүн, сүнслэг хүсэл эрмэлзэл төрсөн юм.      

Гэнэт хонгилын нөгөө үзүүрээс намайг хүний биедээ буцаж орохыг дуудаж байгаа Кааны хоолойг олж сонсов. “Ямар ч байсан түүнийг би хайж олох ёстой гэж тэр бодож байна, Каан. Би одоо юу хийх вэ? Хэрэв тэр БИ юм бол түүний хэлсэнчлэн тэр намайг олж болохгүй гэж үү?” “Тэр олно оо. Харин чи өөрийн санаж байгаа нэг насны амьдрал бүртээ түүнийг дуудаж байх ёстой. Түүний дүр болгоноос өөрийгөө хайж олохыг асуух хүртлээ энэ дасгалыг үргэлжлүүлэн хийгээрэй. Акашийн түүхүүдээс чинь  харахад түүний 7 дүр байна. Тус бүрээр нь аялж, түүнийг хайж олоод түүнээс өөрийгөө хайж олохыг асуу. ”

“Намайг олсон гэдгийг би яаж мэдэх юм бэ?” “Зүрхний чинь төв бол чиний хамгийн хүчтэй чакра. Тэр одоо тэнд байгаа. Урьд насныхаа амьдралаар аялах болгонд чинь тэр чакрануудын чинь аль нэгээр дамжин чамд танил болсоор байна. Ийм замаар чи түүнд хүрч болно.”

Ихрээ олох арга: 

1. Акашийн товчоогоор аялах (хэрэв астрал аялал хэрхэн хийхийг мэдэхгүй бол бөө эсвэл сүнслэг хөтчөөс хамт явахыг асуугаарай).  Астрал аялал хийлгүйгээр дотооддоо урьд насны амьдралаа харах замаар мэдэж болно.   

2. Ка бие бюу Гэрлэн биеэ өөрийн биеэс хувилан гаргах. Өөрийн Дээд Би-г (Гэрлэн бие) урин ирүүлж, ихэр сүнсээ дуудахыг гуйх. Гэрлэн бие биеийн чинь аль чакра руу орохыг ажиглах.    

3. Ихэр сүнсний дуудлагын үеэр Гэрлэн биеийн чинь шингэн орсон чакрагаа ашиглах. Чакрагаа дараах байдлаар ашиглаарай. 

a. Бясалгал хийж болохуйц тайван чимээгүй орчинд суу. Амьсгал авахдаа үндэс чакрагаараа (нурууны доод хэсэгт байрладаг) дамжуулан газар дэлхийн алтан энергийг авч амьсгаа гаргахдаа мөн үндэс чакрагаараа алтлаг өнгийн гэрэл ялгаруулж байна гэж төсөөл. Үндэс чакраны хэсгийг (аарцагны хэсэг) алтлаг гэрлээр дүүрч, улмаар аарцагны хэсэгт бүхэлд нь тархана. 

b. Үүнийг “Ка бие” буюу “Чий” гэж нэрлэдэг. Амьсгаа гаргасныхаа дараа алтан энергийн урсгалыг титэм чакра хүртэл дээшлүүлэх бөгөөд титэм чакраны хэсгийг (тархи) алтлаг гэрлээр дүүргэнэ. 

c. Одоо амьсгал авах тоолондоо үндэс чакрагаараа дамжуулан газар дэлхийгээс алтан гэрлийг дахин оруулаад чакра тус бүр дээрээ төвлөрүүлнэ. Ингэхдээ Акашийн түүхээсээ олж мэдсэн мэдээлэлд үндэслэн ихэр сүнс аль чакранд илүү холбогдож орсныг харгалзан тухайн чакранд гэрлийг дүүргэж өгнө. Ка биеэ өөрийн биеэс гарган өмнөө суулгана. Түүний нүд рүү харж байгаад “Хэрэв чи намайг хайж олохыг хүсч байвал намайг эрж олооч гэж чамайг мөн адил дуудаж байна” гэж хэлнэ.  

Түүний дараа амьсгаагаа гаргахдаа тухайн ажиллаж байсан чакранаасаа алтан энергийг гаргаж, гаргасан алтан энергийг тэр өөрийн биедээ авах болно. Түүний гаргасан энергийг мөн адил чакран дээрээ төвлөрүүлэн дүүргэнэ. Гэрлэн бие өөрийн чинь бие рүү буцаж орох хүртэл ийнхүү эргүүлэг маягаар амьсгалсаар байна. 

Аливаа учир утгатай давхцал/тохиолдолд нээлттэй байгаарай. Ихэр сүнснийхээ аяллын талаар олж мэдэхдээ ч нээлттэй байгаарай. Амжилт хүсье.  

Хүндэтгэсэн, 

Памела. 

Орчуулсан: Б.Сувд