2023/05/14

АТЛАНТИДЫН ТУХАЙ - ЭЭДРЭЭТ ЕРТӨНЦ 1

  


 Хүмүүний уураг тархийг хэдэн зууны туршид гашилгасан нэгэн чухал нууц бол Атлантидын соёл иргэншил билээ. Олонх нь үүнийг үлгэр, домог хэмээдэг ч эрс үгүйсгэсэн нь үгүй. Би үүнийг үлгэр, домгийн алин ч бай үнэнээс улбаатай гэж үргэлж боддог бөгөөд энэ удаад ховсын аргаар баталгаажуулж чадсан юм. 

Би Атлантид нь ганцхан тив, хот эсвэл газарт байгаагүйг олж мэдсэн. Нэр нь тухайн үеийн дэлхий дахиныг нэрлэсэн утгатай. Ингэхдээ тэр үеийнхээ соёл иргэншлийн хамгийн өндөр хөгжилтэй хэсгийнх нэрийг онцгойлон авсан байдаг.  Яг л өнөөгийн манай үе шиг тэр үеийн дэлхий жигд хөгжилтэй байгаагүй. Энэ гайхамшигтай соёл иргэншил хэдэн мянган жилийн тэртээд оршиж байгаад олон янзын ахиц гаргасаар хүн төрөлхтөний хүрч болох хамгийн дээд түвшинд хүрээд дахин балран доройтсоор эцсийн уналтад орсон байна.


Бренда бидэнд Атлантид сүйрэхээс өмнөх мандан бадарч байсан гэрэлт үеийн тухай мэдээллийг өгсөн юм. /Долорес Кэннон нь ховсын аргаар хүмүүийн урд насны амьдралыг сануулж, асуулт, хариулт хэлбэрээр мэдээлэл авдаг юм. Д гэдэг нь түүний нэрийн товчлол бөгөөд голдуу асуусан асуулт нь байх бөгөөд үүний дараа ховсонд орогчийн нэрний эхний үсэг, хариулт гэх мэтчилэн харилцан яриа хэлбэрээр бичигдсэн./


Д: Атлантидад зонхилон амьдардаг хүмүүс содон шинж, арьсны өнгөтэй байсан уу?

Б: Яг ч тийм биш. Эхэндээ бол тийм, гэхдээ яваандаа бусад хүмүүстэй холилдон ууссаар танай улстай адил нийтийн холимог болсон. Арьсны өнгийг нь хараад л өвөг дээдсийнх нь гарал угсааг ялгаж болох тохиолдол бий. Гэвч энэ нь тийм ч хамаатай зүйл биш болохоор санаа амар аж төрцгөөдөг. Анхны угсааныхан нь бага зэрэг хүрэн, ерөнхийдөө улаан шар өнгийн үстэй байсан юм билээ. Нийтээрээ шахуу цайвар ногоондуу төрхтэй ч цагаан шаргал төрхтэй улс бас байсан. Нүдний хувьд гол төлөв ногоон юм уу, цайвар хүрэн. Тэгээд хожим нь шар үстэй, хар толгойтой, хүрэн нүдтэй, цайвар, хар арьстай гэх мэт холимог төрөл үүсчээ. Бүгд өндөр нуруутай, гоолиг биетэй.


Д: Хоол хүнсний тухайд?

Б: Хүнсний хэрэглээ нь энгийн. Энергийн мэдлэгтэй байсан болохоор идэш тэжээлийнхээ тэнцвэрийг хэрхэн барихаа мэддэг. Идэш тэжээлийн тэнцвэр алдагдсанаас болж үүсдэг элдэв төрлийн өвчин гэх мэт танай соёл иргэншлийнх шиг эрүүл мэндийн бэрхшээлүүдээс ангижирч чадсан. Маш нарийн дэглэм сахиж, хүнсэндээ голчлон ногоо хэрэгэлэдэг болохоор махны орц өчүүхэн бага. Танай үеийн цагаан хоолтнууд шиг хэт туйлширдаггүй, хүний биед уураг хэрэгтэй ч гэлээ өндгийг байнга хэрэглэх хүсэлгүй. Махыг хэрэгцээт үедээ л хэрэглэдэг. Зарим илүү дэвшилтэт хүмүүс нь юм иддэггүй. Яагаад гэвэл тэд биедээ шаардлагатай энергийг хоол хүнсээр дамжуулж бус шууд орчлонгийн энергийг сорох замаар нөхнө. (Зарим харь гарагийнхан ийм аргаар аж төрдөг.) Энэ бол маш дэвшилтэт арга барил. Атлантидчууд оюун санааны өндөр хөгжилд хүрсэн ч хэт хөгжсөн цөөхөн хэсэг нь энэ арга барилыг чадмаг ашигладаг.


Д: Засгийн газар гэх мэт зохион байгууллаттай юу? 

Б: Анхандаа бол байсан, гэвч соёл иргэншил нь хөгжихийн хэрээр бодлын хүч нь сайжирсан болохоор Засгийн газрын үндсэн зориулалт нь хоцрогдсон юм. Тэгээд Засгийн газрын хэлбэрийг сольж, өөр зориулалттай болгосон. Зохион байгуулалтыг бүтцийг нь сайжруулсан судалгаа зохион байгуулах гэх зэргээр арай бодит хэрэглээнд оруулсан юм.  


Би Филтэй олон жил хамтран ажиллахдаа олж авсан мэдээллүүдийг бичсэн номууддаа хуваан оруулсан юм. Тэр сүнслэг талын номын санд очихын оронд Гурван гандирсын гараг буюу мэдлэг агуулдаг эсвэл нөөцөлдөг гэж болохуйц гарагаас мэдээллээ авдаг байсан юм. Гол төлөв арван хоёр биетээс бүрдэх нэг бүлэг дутуу мэдээллийг нөхөж өгөх эсвэл Фил үйл явдлыг нүдээр үзээд тэдний тусламжтайгаар надад хөрвүүлж өгдөг байсан. 


Д: Чи хаана ирснээ мэдэх үү?

Ф: Түрүүхэн энэ талаар ярилцаж байсан шүү дээ. Дэлхийн нэг цаг үетэй холбоотой олон зүйл асуусан. Энэ бол ердөө л Атлантис гэгдэх тивийн нэг хот нь юм байна. 


Брендагийн олж хараагүй нисдэг хөлөг үзэгдсэн гэхээр нэг том зөрөө байна. Олон мянган жил дамнан оршин тогтносон иргэншил гэхээр олон өөрчлөлтөд орж, хөгжин дэвшсээр энэ үедээ оньсон төхөөрөмж хөгжүүлж, технологи болгосон байж магдагүй юм. Үүнээс ч олон өөрчлөлт гарсан байх нь маргаангүй. 


Д: Өнөөгийн газар зүйн зураглалаар Атлантид тив аль хавьд байсныг мэдэх үү?

Ф: Атлантын далайд байсан. Тухайн цаг үед зарим хэсэг нь усны гадарга дээр, зарим нь усан дор байсан. Гадарга дээр байсан хэсгүүд цагийн явцад живээд, дахин ил гарч ирсэн. Атлантидаас хойш дэлхий дээр маш олон өөрчлөлт явагдсан бөгөөд эх газрууд олон удаа усны гүнд ороод гарч ирсэн тохиолдол бий.

Д: Тэгвэл тивийн ихэнх хэсэг нь одоо усан доор орсон байх нь. 
Ф: Яг тийм.

Д: Дэлхийн бусад хэсгийн тухайд? Өөр хүн амтай газар байсан байлгүй дээ.
Ф: Олон янзын соёл иргэншил оршдог тодорхой нэг бүс байдаг. Нийгмийн бүтэц нь өнөөгийн танай гараг дээрхээс нэг их хол зөрөхгүй. Хүмүүс нь ч гэсэн олон төрөл, анги давхаргад хуваагддаг. Ядуу, хөдөлмөрчин ангийн хүмүүс ч гэж байна. Эдийн засгийн талаасаа дундаж, дээд ангийнхан ч бас байна. 

Д: Гэхдээ Атлантидаас өөр тив байгаа биз дээ?
Ф: Байлгүй яах вэ. Тив гэж болохгүй ч тодорхой бүсүүд байснаас өөрсдийнхөө өмчилж авсан газартаа оноосон эсвэл заасан төлөөний нэртэй өгсөн. “Атлантид” гэж нэрлэдэг тэр бүс нь хүн ам төвлөрсөн, суурьшлаараа тэргүүлэх бүс юм байна. Цорын ганц хүн амтай бүс нутаг гэж болохгүй ч цаг үеийнхээ үлгэр жишээ, соёл иргэншлийн төв болж байж шүү.

Д: Алсад хот харагдаж байна гэсэн билүү?

Ф: Тэгсэн. Мэдлэг агуулагчид энэ хотоос гаралтай. Үнэн мөний физик, ёс суртахууны хуулийг баримтлагч эртний Элохим. Энэ бол хүн төрөлхтний байгалийн болон физикийн хуулийг сүнслэг оюуны мэдрэмжтэй холбон ойлгох дээд зэргийн ойлголт юм. 


Д: Барилгууд нь олон давхар уу?

Ф: Хэдэн арван давхар барилга байдаг. Ойролцоогоор гуч орчим давхар. Ийм өндөр барилгуудыг барих мэдлэг байдаг. Арилжаа, аж үйлдвэр гэж байдаг учраас албаны зориулалттай өрөө тасалгаа ч бий. Танай өнөөгийн нийгэмтэй адил мэдлэг, мэдээллээс суралцах, түүнийг түгээх хэсэг ч байгаа. 


Д: Гэхдээ энгийн хотуудыг байгуулахдаа ижил түүхий эд ашигладаггүй биз дээ?

Ф: Жижгэвтэр хотуудад шавар, чулуу, мод гэх зэрэг түгээмэл түүхий эд ашигладаг. 


Энэ нь Брендагийн харсан хоттой илүү төстэй санагдлаа. 


Д: Нийтийн тээврийн зориулалттай хэрэгсэл нь ямархуу загвартай юм?
Ф: Зүйрлүүлж хэлэх юм бол онгоц маягийн хэлбэртэй. Түрүүнд би чамд хоёр хүнтэй нисэх хэрэгслийн тухай ярьсан шүү дээ. Доороос нь харахад өндөг маягийн хэлбэртэй, хойд хэсэг нь урд хэсгээсээ бүдүүвтэр. Урд хэсэгт нь зорчигч суух хэсэгтэй. Мөн дээд, доод, хажуу талаа харах бололцоотой онгорхой хэсэгтэй юм. Энэ үед танай орчин үеийнх шиг үрэлтийн хүчээр хөдөлдөг төхөөрөмжийн шаардлага алга. Бүгд хөөрөх ажиллагаатай. Болрын хүчээр ажилладаг. Даац нь нэмэгдэхийн хэрээр энергийн зарцуулалтаа өсгөх замаар хүчээ нөхнө. Зүтгүүрийн болруудын хүчний зарцуулалтыг нэгтгэх, өсгөх тохируулга хийснээр ямар ч хэмжээний ачааг төвөггүй даах чадалтай болдог. 


Д: Хот доторх харилцан холбооны тухайд?
Ф: Телепатийн аргаар харилцдаг болохоор харилцуур утас гэж байдаггүй. Оршин суугчид нь бүгд төрөлхийн телепатийн чадвартай, хүссэн үедээ хүссэн хүнтэйгээ холбогдчихно. Гэхдээ бас танайхны компьютертэй зарим талаараа төстэй “машин” гэж болохуйц нэг зүйлтэй, түүнийгээ мэдлэг, мэдээллийг боловсруулах, дэлгэрүүлэхэд ашигладаг. Гол төлөв зөвхөн хот дотор мэдээллийн харилцан холбооны найдвартай дамжуулагч болгон ашигладаг.

Д: Тэд бусад гарагийн хүмүүстэй бодитоор холбогдож байсан уу?

Ф: Тийм ээ, би дээр хэлсэн шүү дээ. Заяагдмал чадвараа ашиглаж шууд тогтоох, эсвэл өөр төрлийн хүмүүстэй биечлэн уулздаг хүмүүс байсан.

Фил ховсын үргэлжлүүлж, мэдээлэл цуглуулахдаа би Дэлхийн нууцуудын талаар асууж байлаа. 


Д: Тэр цагийн амьтад өнөө цагийнхаас илүү ухамсартай байсан гэж үү?
Ф: Ямар учиртай вэ гэхээр, тэр үеийн амьтдын биед ухамсар, ухаан суулгаснаар “хүн” болчихож байгаа юм. Шууд бие махбодийнх нь талаас авч үзвэл өөрсдөө хувьссан гэсэн үг биш шүү дээ. Хүн, амьтан хоёрыг ялгаж, заагладаг ганц зүйл болох ухамсар, ухаан гэгчийг тэр цаг үеийн амьтанд өгчихсөн юм. Энэ нь ухамсрыг амьтны биетэй нэгтгэсэн энгийн л оролдлого. 

Д: Амьтны араншинд өөрчлөлт орох уу?

Ф: Оюун санааны талаас нь авч үзэхэд ухамсар хэр барагтай өөрчлөгддөггүй, гэхдээ амьтны бие буюу амьдралын өөр хэлбэрт орших боломжтой. Өөрөөр хэлбэл, чи ухамсраараа амьтны биед орж буйтай адил. Чи өөрөөрөө, өөрийнхөө ухамсраар гэхээр огтхон ч өөрчлөгдөхгүй, хувийн шинж чанараа хадгалсаар л байна. Гэхдээ, биеийн чинь шинж байдал өөрчлөгдөж, амьтны биед байгаагаа ч мэднэ. 


Д: Үүнээс болж зохилдлого алдагдсан гэсэн, тийм ээ?

Ф: Нийтлэг байдлаар нь бүлэглэн ангилдаг амьдралын хэлбэрүүд хоорондоо холилдож эхэлсэн гэж үзвэл, тийм. Улмаар мутаци явагдсан. Аль хэлбэр нь жинхэнэ вэ, эсвэл... орчуулган дээр дахиад л жаахан хүндрэл гарлаа.


Д: Лусын дагина, шувуу, эмэгтэй хүн хоёрын нийлбэр хүн шувуу гэх зэрэг амьтдын тухай үлгэр бодит явдлаас үүсэлтэй юм байна. 
Ф: Яг тийм. 


Д: Гэхдээ бид өнөөдөр домог мэт ярьдаг нь Атлантидыг сүйрсний дараа ой санамж нь үлдсэнтэй холбоотой биз дээ? 

Ф: Тэр үнэн. Хуримтлагдсан мэдээлэл нь үеэс үед өвлөгдөн дамжсаар ирсэн юм. Чингэхдээ олон зууныг элээж, өөрчлөгдсөөр домог гэгдэх болж л дээ. 


***

Миний олж мэдсэнээр Атлантидын хүмүүс урт удаан оршин тогтнохдоо оюун ухаанаа хавьгүй өндөр зэрэгт хөгжүүлжээ. Үүнээс амьтны төрөл зүйлийг хооронд нь хольж хутгасан нь шинжлэх ухаанч сонирхлыг минь бүр ихээр татна. Шинжлэх ухааны өндөр дэвшилд хүрсэн энэ хүмүүс орчлон ертөнцийн үүслийн нууцыг тайлахыг хичээж буй нь өнөөгийн бидэнтэй тун төстэй санагддаг. Магадгүй тэд оюун ухааны хөгжлийн оргилд хүрээд уйдсандаа элдэв туршилт хийж үзсэн бололтой. Тэгсэн хэр нь энэ чадвараа бүтээлчээр сайн сайханд зориулахын оронд ашгийн төлөө гуйвуулсан байх юм. 


Жоныг гүн транст оруулсны дараа тэр сүнслэг гарагийн Мэргэн оюуны сүмд байх гайхамшигт номын санд төвөггүйхэн нэвтэрчихдэг байв. Тэр миний номд орсон мэдээллийн олонхыг энэхүү архиваас олж өгсөн юм. Биднийг эл сангийн барилгад нэвтрэх бүрийд номын сангийн сахиул найрсгаар угтан авч хэрэг зоригийг минь тодруулаад хориотой зүйлсийн талаарх журмыг танилцуулдаг. 


Д: Сахиул нь Атлантид тивтэй холбоотой мэдээлэл олж өгч чадах болов уу? 

Ж: Чадна. Атлантидын талаар маш их судалгаа хийсэн. Намайг үзүүлэнд оч гэнэ. 

Д: Тэр хүмүүс ямархуу харагддаг юм бэ?
Ж: Бидэнтэй адил боловч эгээтэй л кино одод мэт үзэсгэлэнтэй. Яралзсан сайхан шүдтэй, намирсан урт үстэй. Үсний засалт нь олон янз, өөр өөр өнгөтэй. Өмсөх нь хувцас нь гэвээс... нөмрөг гэвэл зохилтой болов уу. Биш ээ, нөмрөг биш. Ууж дээгүүр орхимж нөмөрсөн маягтай. Бүгд гэрэл цацруулсан. Үгүй юм байна, хувцас нь өнгөө өөрчилдөг. Өнгөний гоёмсог цацраг хувцсанд нь шингэсэн юм шиг болохоор янз бүрийн өнгөөр гэрэлтэж байна. Нэг талаас нь харахад хувцас нь ягаан мэт үзэгдэнэ харин өөр өнцгөөс бол цайвар цэнхэр болж харагдана. Харин дахин нэг харах юм бол хөх ягаан болох зэргээр өөрчлөгдөж, гялбалзана. Хувцсыг нь үгээр хэлэхийн аргагүй сайхан. Янз бүрийн үнэт эдлэл хэрэглэдэг. Түүн дотроо болор голлоно. 

Энэ удаад тэс өөр зүйлийг илэрхийлэх нь энэ. Яг эл мөчийг хүртэл Жоны яриа бусдынхтайгаа тун чиг төстэй байсан. Харваас тэнд диваажин шиг сайхан газар биш бололтой. Миний түрүүхэн хэлсэнчлэн хэдэн мянган жил оршин тогтносон Атлантидын хар бараан талыг Жон харчих шиг болоод явчихав. Хүмүүс нь, хот нь үзэсгэлэнтэй, гайхамшигтай байсан ч бусдаас далд, бузар нууц байх шиг байна. 


Ж: Энд нэг маш харгис явдал болж байна. Адгуусны биетэй нийлсэн хүмүүсийг том цэнгэлдэхэд оруулаад хооронд нь хүчээр тулалдуулж байна гээч. Эртний Ромын гладиаторын тэмцээн шиг юм болж байна шүү. 

Д: Гаднах төрх нь ямархуу амьтад байна вэ?  

Ж: Би нэг адгуусыг харлаа. Хүн юм, гэхдээ адууны нуруунд тогтоочихсон байна шүү дээ. Дөрвөн хөлтэй, урт нуруутай хүн байна. Тэгсэн хэр нь, өөрөө нурууныхаа тэг голд. Хүнийг адуутай нийлүүлчихсэн юм шиг. Байзаарай, адууных нь толгой алга байна шүү дээ. 


Д: Ердөө хоёрхон амьтан байна уу?
Ж: Үгүй дээ, хэдэн арван янз байна. Багадаа нэгээс хоёр зуугаад байх шиг байна. Цэнгэлдэхээр нэг шүү. Хоорондоо тулалдахдаа бүр үхэх, сэхэхээ үзэлцэж байна. Тэднийг үзэхээр тойрч суусан хүмүүс алга таших ч үгүй, хашгиралдах ч үгүй, ер нь яах ч үгүй зүгээр л баясалтай сууж байна. 

Тэр хачин жигтэй амьтдыг хараад жихүүдэс нь төрсөн бололтой. 


Д: Хүмүүс нь бодлоороо харилцдаг юм бол ойлголцоход хялбар, уян зөөлөн улс баймаар сан. Тийм биш шиг байна уу?
Ж: Биш ээ. Энэ хүмүүс бусад төрлийн амьтдыг дорд үзэж, түүгээрээ тун чиг их бахархдаг бололтой. Ер нь л дэлхийн бусад төрлийн амьтдыг үзэшгүй адгуус гэж санадаг юм байна. 

Д: Зугаатай юм үзэж байгаа хэр нь огт сэтгэл хөдлөлгүй сууна гэхээр ойлгоход бэрх юм шүү. 

Ж: Тийм ээ, ямар ч сэтгэл хөдлөл алга. Бидний санахаас тэс өөр. Тийм ч сайхан улс биш юм байна. Хүйтэн цэвдэг гэвэл зохино. Бас дээрэнгүй. Бусад амьд төрөлдөө тун жигшингүй. Хүмүүс цэнгэлдэх рүү орж ирлээ. Гартаа буу шиг юм барьсан ч болроор үйлдсэн эд байна. Түүнийгээ үлдсэн амьтдын цээжин тус газар чиглүүлж барилаа. 


Д: Нөгөө амьтад бие биенээ хөнөөгөөгүй юм уу?
Ж: Хөнөөсөн, хөнөөгөөд үлдсэн нь. Зүрхэн тушаад нь гэрэл цацарч байна. Лазер бололтой. Лазер биш гэвэл гэрлийн туяа. (Жигшсэн авиа гаргав) Намайг одоо өнөөх амьтдыг бүтээдэг газарт аваачих гэж байна. Зураг зурахаар цуглуулж байгаа юм байна шүү. Нэг амьтдыг тусдаа тасалгаанд байрлуулаад хүний нүүр тавьж үзэж эхэллээ. Хүний нүүр шиг зурагтай өнөөх амьтныг ширтэж, бодлын хүчээр нөлөөлж байна. Одоо бүр анхаарлаа төвлөрүүллээ. Ингэж ухамсарт нь нөлөөлдөг юм байна. Энд амьд амьтан байна. Нохой шиг харагддаг. Бодлын хүчээр ингэж нөлөөлөхөд тухайн амьтанд их зовлонтой байгаа бололтой. Ийм болохоор л би энэ улсыг харгис гэсэн юм. Нэг эмэгтэй, гурван эрэгтэй амьтдад бодлоороо нөлөөлж байна. Анхаарлаа дундаа төвлөрүүлж, тасалгаан дахь амьтныг хүн нүүртэй болгож байна.  

Атлантидчуудыг төгс хүмүүс гэж дүрсэлсэн нь бий. Магадгүй тэд аль диван гарын цагт хүний биеийн генийг өөрчлөх урлагийг төгс эзэмшсэн байж мэднэ. Тийм ч болохоор өөрсдийнхөө генийг амьтдынхтай хольж, хутгасан шүү дээ. Үл мэдэгдэх ертөнцөд цоо шинэ зүйлтэй учирсан маань энэ байлаа. 

Д: Чи түрүүн лусын дагина байна гэсэн билүү? 
Ж: Тийм ээ, лусын дагинас ус руу орж, сагс дүүрэн загас бариад ирэхэд нь хүмүүс ирж, тэдэнтэй инээлдэж, дуулж, илэн таалж, үнсэж, тэвэрч, хийж буй үйлд нь гүнээ талархаж, хайрлаж явдгаа илэрхийлнэ. Мөн хоол бэлтгэдэг амьтад байна. Лусын дагина биш. Лусын дагинас хагас загас учраас цөөрөм шиг газраасаа үл холдоно. Центавр маягийн жижигхэн амьтад хүнс, жимс гэх мэт байгалийн гаралтай зүйлсийг тэрэгт ачаалж, төв гал тогоонд хүргэх ажилтай. Гал тогоонд байх амьтны цээжин биеээрээ хүн боловч бөгсөн бие нь ямаа. Ерөнхийдөө гал тогоо гэх боловч бидний гал тогоотой ер адилгүй. Эд хогшил агуулах шүүгээ байна. Гэхдээ хоолыг бүрэн боловсруулна гэж байхгүй. Жишээ нь, жимсийг бол зүгээр л хэрчих юм уу хальслаад л боллоо. Загас гэх мэт бусад хүнсийг маш хурдан болгодог төхөөрөмжинд хийчихдэг. Тэр бас тусдаа газарт байх. Богино долгионы зуух шиг хэр нь, богино долгионы зуухаас өөр. Хоол хүнсийг дотор нь хийж болгодог болор танхим шиг зүйл. Энд мах огт харагдсангүй. Загас, хавч биетэн, дун, хясаа гэх мэтхэн л байна. Тодорхой хэмд халааснаар үхсэний дараа иддэг. 

Д: Тэр амьтдыг зарцлах гэж генийн аргаар бүтээсэн юм уу? 

Ж: Тийм ээ, хүмүүст зарцлуулах гэж бүтээсэн. Хүмүүс ч тэднийгээ хайрладаг. Аль нэг нь гэмтэх эсхүл ямар нэгэн эндэгдэл болоход гэр бүлээрээ цугларч тухайн хэсгийг нь энергижүүлж, эмчилдэг юм байна. Зарц мэт боловч их хайрлуулдаг амьтад юм. Бид ч гэсэн нохой, муураа хайрлаж, энхрийлдэг шүү дээ. Гэрт нь үйлчилдэгт талархаж явдаг болохоор амьтан гэхээсээ хүн гэж үзэж байна. Биеийнх нь ихэнх хэсэг амьтан боловч хүн шиг нүүртэй. 


Жоныг сэрээсний дараа гал тогооны амьтдаас санаж буй сүүлчийн дүрслэлийг нь дурдъя. Нүүрнийх нь тал үхэр шиг, тал нь хүн шиг. Хүн мөртлөө үхэр хамартай, толгойдоо жижигхэн эвэртэй.  Цээжин биедээ цээживч маягийн зүйл өмссөнөөс нь харахад эм хүйсийнх гэдэг нь тодорхой аж. 


***

Д: Атлантид үнэхээр тийм л гайхам чадвартай болтлоо өндөр хөгжсөн төгс газар байсан юм бол чухам юунаас болж, уналтад орсон юм бол гэж боддог байлаа? 

Бренда: Миний сайтар ойлгож буйгаар тэд байгалийн гамшгийг урьдчилан харж чадаагүй юм шиг ээ. Байгалийн гамшиг газар бүхнийг нөмрөн авч гамшигт төгсгөл рүү нь шидсэн. Үүнд хийж болох ганц л ерөнхий тайлбар бүх нийтээрээ жигд өндөр хөгжилд хүрсэн ч цөөхөн бүлэг хүмүүс байгаагаасаа илүү их эрх мэдэлд шунасантай холбогдоно. Гэхдээ тухайн үед эрх мэдэлд сүрхий хортой тал байдгийг хараахан таниагүй байсан юм. Атлантид байршлын хувьд хоёр томоохон тектоникийн хавтгайд оршиж байв. Уг хоёр хавтгайн заагт асар хүчтэй газар хөдлөлтийн голомт болсон. Маш чухал цэг байсан учраас газар хуваагдах үед ангайж хагарахад завсраас нь царцдам, машм, халуун лав оргилон гарч ирж байлаа. Сүйтгэгч хүчин зүйлс зөвхөн галт уулаас ч бус газрын ангалаас гарч ирсэн нь энэ. Дэлхий даяараа доргиж, хоёр тив дээрх бүх байшин барилгыг нурааж, Атлантидын соёл иргэншил үй түмэн хэлтэрхий болж, устан үрэгдсэн юм. 


Атлантид болон бусад сэдвүүдийн талаар дэлгэрүүлж уншихыг хүсвэл Долорес Кэнноний ховсын аргаар урд насны амьдралыг сэргээх замаар туурвисан "ЭЭДРЭЭТ ЕРТӨНЦ" номыг худалдан аваарай.

☎️ ХҮРГЭЛТ 86663242, 94483242
👍 ҮНЭ: 20.000₮
☎️ https://www.facebook.com/DoloresCannonMN/

📚 ХУДАЛДААЛАХ ЦЭГҮҮД: уран зохиол тасагт байрлаж байна
✅ Интерном www.internom.mn
✅ АЗ ХУР ТӨВ САЛБАР - Нарны зам дагуу Монгол эм импекс зүүн талд АЗХУР ХХК байр 09:00 – 20:00 ☎️ 70004343
✅ АЗ ХУР МУБИС САЛБАР - Спортын төв ордны урд TIME төвийн 1 давхарт 09:00 – 20:00 ☎️ 70004343
✅ Alphabook - Bluesky-ийн 1 давхарт 11:00 – 20:00 ☎️ 77179988
✅ Alphabook - Metromall-ийн 3 давхарт 11:00 – 20:00 ☎️ 77179988
✅ Мир Номын Их Дэлгүүр - Гранд плазагийн 5 давхарт 10:00-20:00 ☎️ 70100600
✅ The Books - Централ Молл 4 давхарт 10:00-21:00 ☎️ 96970643