2019/08/15

Хэрхэн өөрийгөө хайрлаж сурах вэ?

Image result for spiritual love
Өөрийгөө хайрлах нь чухал болохыг хүн бүр мэддэг. Энэ талаар маш олон ном, зөвөлгөө бий. Тэдгээрийн ихэнх нь өөрийгөө хайрлахын тулд өөрийн сайн талыг олж хар, өөрийгөө магт, өөрийгөө хайрлах үйлдлүүдийг хийхийг чухалчилсан байдаг. Эдгээр нь чухал хэдий ч бид итгэл үнэмшлийн түвшинд өөрчлөлт хийснээр жинхэнэ утгаараа өөрийгөө хайрлах боломжтой болдог. Таны сэтгэл, бодол, оюун, амьдралд тохиож буй үйл явдал, учирч буй хүмүүс, ажил, мэргэжил, хүсэл мөрөөдөл, тэр ч бүү хэл ирээдүй, хувь заяа чинь таны дотоодын итгэл үнэмшлүүдээс улбаалан бий болдог. Өөрөөр хэлбэл цэцэрлэгт хүрээлэнгээ арчлахын тулд зэрлэг ургамлуудыг үндсээр нь сугалж хаяад оронд нь анхилуун, сайхан цэцэг тарьснаар сайхан цэцэрлэгтэй боломжтой. Итгэл үнэмшлүүд бол хөрсөн дор орших үндэс юм. Иймээс өөрийгөө хайрлаж сурахын тулд өөрийгөө хайрлахтай холбоотой сөрөг итгэл үнэмшлүүдээсээ хагацаж, шинэ итгэл үнэмшлийг суурилуулах хэрэг гардаг. 


Өөрийгөө хайрлах нь амиа хичээсэн хэрэг гэсэн итгэл үнэмшил түгээмэл байдаг. Мөн сүнслэг хөгжлийн замаар явж буй ихэнх хүмүүс өөрсдийгөө төгс төгөлдөр гэж үздэггүй бөгөөд Дэлхий дээр төрж, амьдрал гэдэг сургуульд суралцаж, магадгүй гэгээрэлд хүрснээрээ төгс төгөлдөр болно гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Нийгэм болон гэр бүлийн хүрээнд амжилттай, сайн яваа хүнийг хүмүүс хайрлаж, хүндэлдэг гэдэг ойлголт түгээмэл бий. Хүмүүсийн "амжилт" гэж тодорхойлдог стандартад хүрснээр хүнд тоогдож, хайрлагдах боломжтой болно гэсэн далд итгэл бий. Хамгийн аймшигтай нь хүн нийгмийн стандартыг хангаж "сайн" хүн байснаараа хайрлагдах эрхтэй болох ба ийм биш бол шийтгэл хүлээх буюу өөрийгөө шийтгэх хандлагатай болдог. Хүн төрөлхтний нийтлэг сул тал "би ч болоогүй л байна даа буюу би бол хангалтгүй" гэх үзэл юм. Тэгвэл өөр өөрөөсөө "хэзээ би төгс төгөлдөр болж өөрийгөө хайрладаг болох вэ?" гэж асуугаарай. Бас "төгс төгөлдөр" буюу таны хувьд "хангалттай сайн болох" нь яг ямар болно гэсэн үг болохыг бодоод үзээрэй. Нийгмийн хувьд амжилт гэж тодорхойлогдох зүйлс таныг үнэхээр аз жаргалтай болгоно гэж үү? Таны төгс гэж боддог тэр хүмүүс үнэхээр төгс, аз жаргалтай байдаг болов уу?

Image result for childhood trauma

Өөрийгөө бүрэн хайрлаж сураагүй тохиолдолд та өөрийгөө шүүмжилж, үзэн ядаж, шийтгэсээр л байх болно. Энэ бүхэн бидний хүүхэд нас, гэр бүлийн хүмүүжлээс үүдэлтэй. Хамгийн сайхан гэр бүлд хүртэл энэ асуудал байдаг. Аав, ээждээ загнуулж, жавтгай хүртэж үзээгүй хүн ховор. Хэрэв та ажиглах юм бол аав, ээжүүд "чи яагаад ингэж байгаа юм бэ? ингэж болохгүй! баабаа хүүхэд" гэх мэтийн өнгөцхөн шүүмжүүдээс авахуулаад "тэнэг, арчаагүй, эргүү" гэхчилэн хүүхдээ элдэв бусын үгээр шавхуурдаж өсгөх нь түгээмэл. Дараа нь энэ бүхнийг хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд, өөрийнх нь сайн сайхны төлөө ингэж байна гэж ойлгуулан, аргадаж авдаг. Харин хүүхдийн далд ухамсар энэ бүхнээс "шүүмжлэл, шийтгэл бол хайрын нэг хэлбэр" гэсэн дүгнэлт хийж авдаг. Ингээд насанд хүрсэн хойноо ч өөрсдийгөө шийтгэсээр байна. Хэн нэгэнд хайрлагдахын "тулд тийм байх ёстой, ийм зүйл хийх ёстой" гэж өөртөө тулгаад түүндээ хүрч чадахгүй бол өөрийгөө шийтгэн зүхэж, сэтгэлээр унан, үймэрдэг. Эргүүлээд мөн бусдыг хайрлахын тулд шаардлага тавьж эхэлдэг. Иймэрхүү байдлаар эцэс, төгсгөлгүй хайр-үзэн ядалтын тойрогт ороогдоно. 

Жинхэнэ хайр бол нөхцөл болзолгүй хайр юм. 

Энэхүү блогийг уншиж буй хүмүүсийн дийлэнх нь сүнслэг хөгжлийн зам мөрийг хайн олж, өөрийгөө хөгжүүлж, улмаар гэгээрэлд хүрэхийг тэмүүлдэг хүмүүс байгаа. Хүн төрөлхтний итгэл бишрэлийг хүртсэн Есүс, Будда, Кришна, Аллах гэх мэт бүхий л гэгээрсэн бурхад болон бусад мастерууд хайрын ач холбогдлыг онцгойлон чухалчилдаг. Бурхан бол хайр, бүх зүйл хайраас бүтсэн гэх мэт сургаалууд олон. Энэ бүхнийг бүтээсэн тэр хайр таны дотроос ундарсан цагт л та гэгээрэлд хүрнэ. Гэгээрэл гэж юу болох талаар Нууцад Нэвтрэхүй группын гишүүд олонтаа ярилцдаг. Гэгээрэл бол үнэндээ бидний мөн чанар юм. Мөн чанар буюу сүнс / цэвэр ухамсар бол Бурханы нэг хэсэг. Бид өөрөө Бурхан буюу төгс төгөлдрийн нэг хэсэг мөн. Үүнийг л бүрэн ухаарч мэдрэх нь гэгээрэл юм. Өөрийн Бурханлиг, төгс гэгээрсэн тэр мөн чанарыг ухаарч, улмаар бусад хүмүүсийн дотор буй Бурханлиг чанарыг олж харж, хязгааргүй, нөхцөл болзолгүй хайрыг ундраах нь гэгээрэл юм. Тэгэхээр гэгээрэлд хүрэх хамгийн энгийн алхам бол өөр өөрийгөө хайрлаж сурах явдал байгаа биз? Магадгүй та өөрийгөө хайрлаж сураад, гэгээрэлд заавал хүрэх ёстой гэсэн бодлоо авч хаяад, бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авч, одоо цаг дээрээ амьдарч, хайрлаж, жаргаж байвал өөрийгөө гэгээрч буйд тооцоорой. Эцсийн эцэст бид бүгд энэ ертөнц, хязгааргүй цэвэр ухамсар, мөнхийн гэрэл, аялгууны нэг хэсэг шүү дээ. Та бол таны бодол, сэтгэл, бие, нийгмийн зүгээс өгөх тодорхойлолт, нэг хүнд, халаасан дахь мөнгө, толгой дахь мэдлэг, гаргасан амжилт, эзэмшсэн мэргэжил, эдэлдэг брэнд огтхон ч биш. Энэ зүйлсээр та өөрийгөө тодорхойлдог бол үүнийг ЭГО гэж нэрлэдэг. Үнэндээ та бол энэ ертөнцийн хязгааргүй ухамсар, бүтээгч энергийн нэг хэсэг бөгөөд таны сүнс бүгдийг мэдэх, бүтээх, туурвих агуу гайхамшигт хүчтэй. Гурван хэмжээст ертөнцийн тодорхойлолтуудаасаа салж, ухамсраа дээшлүүлэх замаар өөрийгөө тань, хайрла. Хязгааргүйн нэг хэсэг гэдгээ мэдэр. Тохиох үйл явдал, сэтгэл хөдлөл, бодол, мэдрэмж, эдлэх, эзэмших бүхэн цагийн урсгалаар үгүй болно. Цаг хугацаа, орон зай, нийгмийн тодорхойлолт, тархины хязгаараас өөрийгөө ангижруулан, сэтгэлийн амирлан, огоорох цагт та өөрийн жинхэнэ мөн чанарыг таних болно. Тэр цагт өөрийгөө хайрлахгүй байхын аргагүй... 

Том, ерөнхий ойлголтын араас та бүхэнд өөрийгөө хайрлах чиглэлээр хийж болох энгийн арга техникүүдийг танилцуулья.

Image result for self love

1. 365 өдрийн туршид өөрийгөө хайрлах: та өөрийгөө хайрладаггүй бол "Би өөртөө хайртай" гэж хэлэх нь худлаа хэлсэнтэй адил болно. Таны оюун ухаан үүнийг худал, хуурмаг үг гэж хүлээж авна. Үйлдэл үгнээс илүү хүчтэй. Иймээс яг одооноос эхлээд 365 хоногийн туршид өдөр бүр өөртөө хайртайгаа харуулах үйлдэл хийх зорилго тавиад, тууштай хэрэгжүүлээрэй. Өглөө бүр сэрээд, мөн ямар нэг шийдвэр гаргаж, үйлдэл хийх бүртээ "Өөртөө хайртай хүн юу хийх байсан бэ?" гэж өөрөөсөө байнга асууж байгаарай. Энэ асуултыг тарни болтол нь цээжилж, амьдралынхаа хором мөч бүрт өөрөөсөө асууж, хариултыг нь авч, өөртөө хайртайгаа батлах үйлдэл хийх хэрэгтэй. Энэ асуултыг асууснаар бид дотоодын мөн чанараасаа хариултыг авах боломжтой болно. Зөн совин янз бүрийн мэдрэмжээр дамжин хариу өгнө. Магадгүй та харж, сонсож, эсвэл зүгээр л асуултын хариултыг мэдэж байж болно. Заримдаа бие халуун, хүйтэн оргиж, асуултын хариултыг мэдрэмжээр дамжуулан авах нь бий. Асуултын хариу удаж төдөлгүй л хүрээд ирнэ. Жишээ нь та маш ядарсан бөгөөд гэр орон чинь замбараагүй байгаад та өөрөөсөө "өөртөө хайртай хүн юу хийх байсан бэ?" гэж асуухад хариулт нь "усанд орж биеэ амраа" гэж байвал түүнийг л хий. Эсвэл гэрээ цэвэрлэсэн нь, цэвэрхэн орчинд таатай байна гэсэн хариулт ирвэл тэр дагуу хийж сур. "Ажлаасаа гарах уу?" гэх мэт чухал шийдвэр гаргахад хэрэгтэй асуултуудаас авахуулаад "алим идэх үү, мандарин идэх үү?" гэх мэт энгийн зүйлс дээр хүртэл энэ асуултыг асууж байгаарай. 365 өдрийн туршид энэ асуултыг асууж, өөртөө хайртай хүний хийх үйлдлийг хийснээр энэ бүхэн зуршил болж хувирна. Энэ дасгал өөрийгөө хайрлах чиглэлийн дагуу хийх хамгийн чухал дасгал бөгөөд бусад бүх өөрийгөө хайрлах дасгалын суурь юм шүү. 

2. Хайрлуулах эрхтэй гэдгээ ухаарах: Өөрийгөө хайрлахад тохиох хамгийн том саад бол хайрлуулах эрхгүй хүн шиг байх явдал юм. Хүүхэд байхаасаа бид ямар нэг зүйлийг авч чадахгүй бол тухайн зүйлийг авах ёсгүй юм гэсэн итгэл үнэмшилтэй болдог. Жишээлбэл "чи битгий давраад бай, чиний төлөө бид ... ийм ийм зүйл хийж байна, энэ чинь тийм амар биш, хүний ач тус мэдэхгүй" гэж хэлэх нь түгээмэл. Үүнээс хүүхэд эцэг, эхээс ирж буй хайр, халамж тодорхой нөхцөл болзолтой, хязгаартай бөгөөд өөрийгөө тэр бүхнийг авах эрхгүй юм байна гэсэн дүгнэлт хийдэг. Үнэндээ хүн бүр дотоодоосоо өөрт юу хэрэгтэй байгааг мэдэж байдаг. Нэг ёсондоо өөрийн үнэ цэнийг мэддэг. Харин давралт буюу бусдын ач тусыг бодохгүй байгаа байдал нь өөрийн хүч чадал, үнэ цэнээ үнэлэхгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл хэрэгтэй зүйлээ өөрийн хүчээр олж авч чадна гэдэгтээ итгэхгүй байгаа учраас бусдаас завшиж байгаа хэрэг юм. Өөрийгөө хайрлах нь өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх, өөрийгөө хайрлуулах эрхтэй хүн мөн гэдгийг ухаарч, өөрийгөө хайрлах үйлдэл хийх явдал билээ. Хайрлуулах эрхтэй гэдгээ ухаарахын тулд өөрийгөө яагаад хайрлахгүй байгаагаа олж мэдэх хэрэгтэй. Жишээ нь та өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг ямагт 2-рт тавьдаг уу, толинд харахдаа өө сэвнүүдээ илүү анхаардаг уу, сэтгэлээр унасан үедээ мэдрэмжээ тоохгүй орхихыг хичээдэг үү, өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн оронд идэвхгүй эсэргүүцэл хийх буюу ямар нэг зуршил, донтолтоор мартагнахыг оролддог уу? Хэрэв та тийм гэж хариулсан бол дараах дасгалыг хийгээд үзээрэй.

Жишээ нь та сэтгэлээр унасан үедээ өөртөө энэ бүхнийг битгий тоо гэж хэлээд өнгөрөхийг оролддог байг. Гэтэл таны хамгийн сайн найз сэтгэл санаагаар унасан байхыг хараад "битгий тоо" гэж хэлээд өнгөрөх байсан уу? Чадахгүй дээ. Эндээс харахад бид бусдыг хайрлаж, анхаарал тавих хэрэгтэй ч өөрийгөө хайрлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй байх нь. Тэгэхээр та өөртэйгээ хэрхэн сөрөг байдлаар харьцдагаа жагсаалт болгон бичээрэй. Тэгээд ард талд нь үүнийг хэрхэн өөрчилж болох талаар бичих хэрэгтэй. Жишээ нь та сэтгэлээр унасан үедээ өөрийгөө тоодоггүй байсан бол одоо "би өөрийн мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг мэдэрч, ухаарахыг чухалчлах болно" гэж бичиж болно. Энэ мэтчилэн өөрийнхөө эсрэг хийдэг зүйлсээ хэрхэн өөрчилж болох талаар бодьтой, практик арга барилуудыг жагсаан бичээд хэрэгжүүлж эхлээрэй. 

Эх үүсвэр: Teal Swan