2015/01/30

Хүний биеийн энергийн хүрдүүд


Чакра гэдэг нь хүрд гэсэн утгатай санскрит үг бөгөөд хүний биеийн энергийн урсгалыг зохицуулах үүрэгтэй гол төвүүд юм. Чакра тэнцвэртэй байвал хүн илүү эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой. Чакра тэнцвэргүй буюу хэт идэвхжсэн эсвэл хаагдсан тохиолдолд төрөл бүрийн өвчин, сэтгэл санааны таагүй байдал үүсдэг. Чакраг нээх үед хуучин асуудлууд эргэн сөхөгдөж, өвчин сэдэрч, бие, сэтгэл санаанд төрөл бүрийн өөрчлөлт гардаг. Хүний физик биед 7 чакра, сүнсэн биед нэмэлт 5 чакра буюу нийт 12 чакра байдаг. Чакра нь аура буюу хүний энергийн давхаргатай бас холбоотой. Ингээд физик биеийн үндсэн 7 чакраг танилцуулья: 

СУУРЬ ЧАКРА (1-р чакра) - Ахар сүүлэнд байралдаг энэхүү чакра газар дэлхийтэй холбогддог. Мөнгө, хоол, бие даасан байдал гэх мэт амь зуулгатай холбоотой асуудлууд энэ чакратай холбоотой. Суурь чакра улаан өнгөтэй байдаг ба тамир тэнхээ, зориг зүрх, өөртөө итгэх итгэлийг бэлэгдэнэ. Бөөр, давсаг, сээр нуруу, тааз, хөл зэрэг эрхтэнтэй холбоотой. Дотоод шүүрэл буюу бөөрний булчирхайтай холбогддог. 

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: өтгөн хатах, гэдэс өвдөх, шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, хөл гар даарах, давсаг муудах, цусны даралт ихсэх, бөөрний чулуу, бэлгийн сулрал, хөл, гар, таазны өвчин бусад өвчлөл. 

Чакра идэвхжиснээр үүсэх зан чанар: зоригтой, өөртөө итгэлтэй, нөхөрсөг, дайчин, эрх дураараа, шударга, нээлттэй

Чакраны өнгөний мөн чанар: улаан өнгө нь өөрийгөө ухамсарлах, тогтвортой амьжиргаа зэргийг бэлгэднэ. Улаан өнгө нь газар шорооноос энерги авч бүхий л түвшинд дамжуулах ач холбогдолтой. Мөн хүний сүнсэн биеийг махан биетэй холбож өгч байдаг. 

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: суурь чакра нээгдэх үед сээр нуруу болон биеийн бусад хэсгээр халуун оргих, бие тэр чигээрээ хүндэрсэн мэт санагдах, жин нэмэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Маш мэдрэмтгий болж, дотоодод энерги дээш доош явж буй нь мэдрэгдэнэ. Байгал дэлхийтэй холбогдох, амьтан ургамал арчлах, бусад хүмүүст анхаарал халамж тавих нь маш чухал болж эхэлнэ. 

УУЦНЫ (ХУВИЛГААН) ЧАКРА (2-р чакра) - Хэвлийн доод хэсэгт байрлах энэхүү чакра харилцаа холбоо, адал явдалтай холбогддог. Улбар шар өнгийн энергитэй бөгөөд аз жаргал, итгэл, элбэг дэлбэг байдлыг бэлэгддэг. Сав, хэвлий, үржлийн эрхтэнүүдтэй холбоотой. Ураг хэвлийн доод хэсэгт бүрэлддэг нь ууцны чакраны энергитэй холбоотой байх талтай. Өндгөвч, хушганы булчирхайтай холбогдоно. 

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: сарын тэмдэгтэй холбоотой асуудлууд, сав, өндгөвч болон үржлийн эрхтний өвчлөлүүд

Чакра идэвхжиснээр үүсэх зан чанар: урам зориг, хүсэл тэмүүлэл, аз жаргал, нийтэч, эрч хүчтэй зан, спортлог байдал, өөртөө итгэх итгэл, үр бүтээмжтэй байдал

Чакраны өнгөний мөн чанар: улбар шар өнгө нь амжилтын өнгө бөгөөд өөрийгөө болон бусдыг хүндлэх хүндлэлийг илтгэнэ. Энэ чакра идэвхжиснээр хүн өөрийнхөөрөө байж, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, сонирхсон зүйлсээ хийж, эрх чөлөөтэй байдаг. Ажил, амьдралдаа дурлаж, эрч ундарна. Нөгөө талаас улбар шар өнгө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг сэргээж биеэ дааж, нийтэч байхад тусалдаг. 

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: ууцны чакра нээгдэхэд хүн секстэй холбоотой төрөл бүрийн бодол бодож, мэдэрдэг. Та маш олон төрөл дамжих үедээ олон сүнстэй дотно холбоотой болсон байдаг. Тэдгээртэй холбоотой ямар нэгэн биелэгдээгүй хүсэл, илэрхийлэгдээгүй энерги байх юм бол уг энерги гарч ирж, таны зүүдэнд астрал хэлбэрээр биеллээ олдог. Энергийн баланс бий болсны дараа дээрх мэдрэмжүүд нөхцөл болзолгүй хайр болон хувирах буюу эсвэл тэр чигээрээ алга болдог. 

НАРАН СҮЛЖЭЭ ЧАКРА (3-р чакра) - Уг чакра хэвлийн дээд хэсэгт, өрцний дор байралдаг. Амьдралаа хянаж, итгэлтэй байхад нөлөөлдөг. Чакраны энерги нь шар өнгө бөгөөд цэцэн цэлмэг ухаан, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дэмждэг. Бөөр, таван цул, гэдэс, нарийн гэдэстэй холбоотой. Нойр булчирхайтай холбогддог. 

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: диабет, нойр булчирхай, элэг, хоол боловсруулах эрхтний өвчлөл, цөсний чулуужилт 

Чакра идэвхжиснээр үүсэх зан чанар: хошин шогийн мэдрэмж, өөдрөг, хашир, ухаалаг зан

Чакраны өнгөний мөн чанар: шар өнгө нь бүтээлч өнгө бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой. Өөрийгөө яаж үнэлнэ, бусад хүмүүс яг тэгж үнэлдэг. Наран сүлжээ чакра нь зан чанар, эго, ухаантай холбогддог. Шар өнгө нь ойлгож, хүлээж авах чадварыг дэмждэг бөгөөд хүний оюун санаатай шууд холбогддог. Уг чакра идэвхжиж, шар өнгө давамгайлснаар бодол цэлмэг болж, ойлголт дээшлэн, сонирхол, тэмүүлэл нэмэгддэг байна. 

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: уг чакра нээгдсэнээр бие чичрэх буюу гэдэс эвгүй оргих замаар айдас биеэс гадагшилдаг. Уур, айдас гадагшлах үед хашгирч, орилж, бөөлжмөөр санагддаг. Таны үг, дуу хоолой илүү итгэлтэй, зоригтой болсноор хүчирхэг дүр төрх бүрдэх нь бий. 

ЗҮРХНИЙ ЧАКРА (4-р чакра) - уг чакра зүрхний дээд хэсэгт, цээжний төвд байралдаг бөгөөд хайр, баяр хөөр, дотоод амар амгалантай холбоотой. Ногоон өнгөтэй бөгөөд тэнцвэртэй байдал, хайр, өөрийгөө хянах хяналтыг илтгэнэ. Зүрх, цээж, хөх зэрэг эрхтэнтэй холбоотой бөгөөд  цээжний голд байдаг сэрээ булчирхайтай холбоотой. Энэ булчирхай нь дархлаа, цус төлжилтийг дэмждэг. 

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: зүрх, ДОХ, хэт ядаргаа гэх мэт дархлааны системийн өвчлөл, харшил, хөхний хавдар гэх мэт бусад өвчлөл. Шүрэн ногоон өнгө дархлааны систем болон хоолойн чакрад тустай байдаг бол сарнайн ягаан өнгө нь хайрыг бэлгэдэх бөгөөд зүрхний чакраг идэвхжүүлдэг. 

Чакра идэвхжиснээр үүсэх зан чанар: бусдыг ойлгох, өөрийгөө хянах, амархан дасан зохицох, хүнлэг энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, өгөөмөр, тусч, энгийн даруухан, байгалд дуртай, романтик

Чакраны өнгөний мөн чанар: ногоон өнгө нь бусдыг болон өөрийгөө хайрлах хайр, нөхцөл болзолгүй өгч, авалцах зэрэгтэй холбоотой. Ногоон өнгө булчин, мэдрэлийн системийг тайвшруулж, бодлыг багасгадаг. Энергиэ цэвэрлэн, балансжуулснаар тайвширч, амар амгаланг мэдэрдэг. Ногоон өнгө нь хайрыг бадрааж, бүхий л бие, сүнсийг тэнцвэржүүлэн амраадаг. 

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: уг чакраа нээгдэх үед таны цээж, хоолой чичирхийлэн, өвдөж эхэлнэ. Зүрх томорсны улмаас өвдөлт үүсдэг. Нөгөө талаас хайрлах хүчин чадал нэмэгдэнэ. Уйтгар гуниг гадагшлах үед өчүүхэн зүйлээс болж нулимс дуслуулах буюу зүгээр байж байгаад уйлах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зүрх маш мэдрэг учраас бүх зүйлийг гүн гүнзгий мэдэрдэг. Мөн бүх хүнийг хайрлаж, бүх зүйл үзэсгэлэнтэй, сайхан харагдах мөчүүд тохиох нь бий. 

ХООЛОЙНЫ ЧАКРА (5-р чакра) - уг чакра хоолойнд байрлах бөгөөд мэдлэг, эрүүл мэнд, шийдэмгий байдлыг илэрхийлнэ. Харилцаа холбоо, өөрийгөө илэрхийлэх чадвар, үнэнийг ярих зэрэгт ач холбогдолтой. Зүрх, уушиг зэрэг эрхтэн болон бамбай булчирхайтай холбоотой. 

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: бамбай булчирхайн өвчлөл, анорексиа, астма, бронхит, сонсгол муудах, чих шуугих, хоол боловсруулах дээд замын өвчлөл, амны үрэвсэл, хоолой, гүйлсэн булчирхайн өвчин

Чакра идэвхжиснээр үүсэх зан чанар: үнэнч, эв дүйтэй, халамжтай, өөдрөг, шинийг эрэлхийлэгч, болгоомжтой. 

Чакраны өнгөний мөн чанар: цэнхэр өнгө нь оюун санааг бэлгэдэх бөгөөд өөрийгөө илэрхийлэх арга замуудтай холбоотой. Эдгээр нь илтгэл, яриа, харилцаа холбоо, хэрэгцээ шаардлага, зорилго, үнэнийг илэрхийлэх зэрэг юм. Цэнхэр өнгө мэдрэлийг тайвшруулж, ухааныг хурцлан, үг яриаг сайжруулдаг. 

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: уг чакра нээгдэх үед үг ундран, хурдан ярих буюу сэтгэл зүрхнээсээ, чөлөөтэй дуулмаар санагддаг. Дотоодын дуу, аялгуу, чимээг сонсох нь бий. Телепатийн хувьд нээлттэй болж өөрийн болон бусдын нуугдмал бодол, хандлагыг илрүүлнэ. Үг, дуу авиа илүү их утга учиртай болох бөгөөд бусад хүмүүсийн энергийн давтамжийн түвшнийг үг ярианаас нь мэдрэх чадвартай болно. 

БИЛГИЙН МЭЛМИЙН ЧАКРА (6-р чакра) - хөмсөгний дээр духны голд байрлах энэ чакра зөн билэг, далд ур чадвар, төсөөлөл, алсын хараатай холбоотой. Тархи болон боргоцой булчирхайтай холбоотой. Энэ булчирхай дух, хөмсөгний гол орчим байралдаг бөгөөд 3 дагч нүд буюу билгийн мэлмийтэй холбоотой байдаг.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: толгой өвдөх, хараа муудах, нүдний даралт, нүдэнд цагаа буух, чих, хамрын өвчлөл 

Чакра идэвхжиснээр үүсэх зан чанар: зөн билэг, зориг, эд дүй, идеализм, цэцэн мэргэн, үнэнийг эрэлхийлэгч 

Чакраны өнгөний мөн чанар: индиго буюу ягаан туяатай гүн хөх өнгө нь хувийн хариуцлагыг илэрхийлдэг. Өөрийн амьдралыг гартаа авч, сүнслэг хөгжлийн замаар явж, өөрийн зөн билэгтээ итгэх итгэл зэрэгтэй холбоотой. Аливаа зүйлсийг эгогоор буюу материаллаг талаас нь бус илүү "өндөр" байр сууринаас хардаг. Индиго энерги нь биднийг далд ухамсартай холбож, ертөнцийн  нэг хэсэг болохыг мэдрүүлдэг. Зөн билэг, төсөөлөл, далд ур чадвар, зүүд зэргийг дэмжиж өгдөг. 

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: билгийн мэлмий буюу 3 дахь нүд нээгдэх үед хөмсөг, дух орчмоор цахилгаан гүйх мэдрэмж төрөх буюу даралт үүсч буй нь мэдрэгдэнэ. Та өнгө, сүүдэр, дүрс, цацрах гэрэл, аура, сүнслэг биетүүдийг харж болно. Та дотоодоосоо өнгөрсөн амьдралаа харж, зүүд чинь илүү бодит, тод болж ирдэг. 

ТИТЭМ ЧАКРА - толгойны оройд байдаг, нил ягаан өнгөтэй. Гоо үзэсгэлэн, бүтээлч байдал, урам зоригийг тэтгэнэ. Нүд, өнчин тархи, самсаа зэрэг эрхтэн болон өнчин тархины булчирхайтай холбогддог. Уг булчирхайнаас ялгарах гормон нь бусад 6 чакратай холбогдох булчирхайнуудын гормон ялгаруулалтыг дэмждэг. Энэ ч утгаараа мастер булчирхай буюу төв булчирхай гэж нэрлэгддэг.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: сэтгэл гутрал, Паркинсоны өвчин, шезоферин, саажилт, Алзхеймер, толгой өвдөх, эргэлзээнд орох гэх мэт мэдрэлтэй холбоотой өвчин, зовинолууд. 

Чакра идэвхжиснээр үүсэх зан чанар: урам зориг бүхий манлайлагч, сайхан сэтгэл, шударга ёс, хүмүүнлэг, алсын хараа, бүтээлч чанар, хүчирхэг сэтгэлгээ 

Чакраны өнгөний мөн чанар: ягаан өнгийн энерги нь өөрийгөө таних, сүнслэг ухамсартай холбоотой. Дээд би, дээд ухамсартай холбогдсоныг илэрхийлнэ. Бүтээлч сэтгэлгээ, уран бүтээл, туурвилыг дэмждэг. 

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: энэ чакраа нээгдэх үед таны тархи, гавлын яс луу зүүгээр хатгаж, хагалгаа хийж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энергийн блок их байвал тархи хүчтэй өвддөг. Блок гарсны дараа сээр нуруу, толгой, гар, хөл болон биеийн бусад хэсгүүдэд чимчигнэсэн мэдрэмж төрдөг. Ар нуруугаар цахилгаан гүйж байгаа мэт, эсвэл дотоодоос үе үе гэрэл цацрах, хүчтэй төөнөх мэдрэмж төрж болно. Зөн билэг сайжран, юу зөв болохыг шууд мэддэг болно. 

Чакра нээгдэх дэлгэрэнгүй шинж тэмдгүүдийг энд дарж уншаарай. 


Кристал буюу эрдэнийн чулуунуудыг өдөр тутам ашиглах замаар чакрануудыг нээх, балансжуулах боломжтой. Чулуунуудыг бясалгал хийхдээ харгалзах чакран дээр тавих, гартаа атгах, тойруулаад тавих, унтахдаа дэр, орон дороо хийх, гэртээ байрлуулж энерги цэвэрлэх, энергийн тор үүсгэх, чакранууд дээр тавьж идэвхжүүлэх, эмчилгээ хийх, усанд хийж энергийг нь шингээж уух зэргээр ашиглаж болно. Бясалгал хийх бол 7, 8 хүртэлх тооны чулуу ашиглаж болно. Гудас, матрас доор 7 чакраны харалдаа хийгээд унтахад бие сайтар амардаг. Мөн ээлтэй чулуугаа зүүх буюу, биедээ байнга авч явбал илүү үр дүнтэй. Кристалаар чакра идэвхжүүлэх талаар эндээс уншаарай. 

Цэвэр байгалийн кристал чулуу, зүүлт авах хүсэлтэй хүмүүс Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop.

http://www.spiritportal.org/signs.html
http://www.mindbodygreen.com/0-91/The-7-Chakras-for-Beginners.html
http://threeheartscompany.com/chakra.html
http://www.hormone.org/diseases-and-conditions/pituitary/overview