2012/11/26

Сүнсний аялал


Бид Египетийг үзэж дууссаны дараа Америкийн Баруун Өмнөд хэсэг рүү явсан юм. Ийшээ явахдаа бид удаавтар ниссэн бөгөөд замын дагуух зүйлсийг харж болохоор байлаа. Би дэлхийн бөмбөрцгийг харахыг хүссэн юм. Ингэж харахад Зүүн Өмнөдийн орнууд болон Номхон Далай харагдаж байлаа. Америкийн Баруун Өмнөдөд шөнө болж байв. Биет надад миний харж буй бүх зүйлээс энерги цацарч буйг ялангуяа амьтан ургамлаас их энерги цацарч байдгийг хэлэв. Уг энерги тал газар, далайд хамгийн хүчтэй байсан ба хүн төвлөрсөн газар хамгийн бага байлаа.
Ялангуяа хүний гараар бүтээсэн хотуудад энерги хамгийн бага байв. Хотоос гарч буй энерги дотор нь амьдарч буй хүмүүсээс л гарч буй энерги байв. Надад тэрээр тайлбарлахдаа хүн бол хотын үндсэн энерги ялгаруулагч ба хүний энергийн давтамж сул байдаг бөгөөд ерөнхийдөө бага энерги ялгаруулдаг гэв. Гэсэн хэдий ч хотуудад энергийн томоохон эх үүсвэрүүд байгаа нь харагдаж байлаа. Өндөр энергитэй хүмүүсийг би харсан төдийгүй тэдний зарим нь надтай хамт яваа биеттэй юм ярьж байв.

Гайа дээр байсан хугацаандаа би хар сүнснүүдийг харсан. Эдгээр хар сүнснүүд бол газар дэлхийн сүнснүүд бөгөөд гэрлээс зугатдаг ажээ. Тэд хүнээс энергийг сорж амьдардаг бөгөөд хүний сүнсийг хөгжүүлэхгүйгээр ашиглаж байхыг оролддог байна. Биет надад өөрийн дотоод дахь хайранд төвлөрснөөр эдгээр хар сүнснүүдээс хамгаалагдах болно гэж хэлэв. Мөн надад эдгээр хар сүнснүүдийг хармагцаа мэдрэх бөгөөд гэрэлд гар гэж хэлж бай хэмээн захисан. Хэрэв хүсэх л юм бол бүх сүнс гэрэлд байж болдог гэнэ.

Би мөн хүний эргэн тойрхонд энерги буйг харж байлаа. Ялгаатай түвшин, өнгө бүхий. Биет надад хүний энергийг тайлбарлаж өгсөн юм. Тэр хэлэхдээ хүнээс гарч буй энергийг ашиглан сүнснүүд хүний сэтгэл оюуны нөхцөл байдлыг үнэлдэг аж. Өнгө нь тод, гэрэлтэй байх тусам сүнс нь төдий чинээ хөгжсөн байдаг байна. Сүнсэн биеийн эргэн тойрон дахь аураг харснаар хэр зэрэг хөгжүүлэх шаардлагатай байгааг тодорхойлж болдог аж. Өндөр хөгжилтэй биет хаана очиж, газрын сүнснүүдэд өөрсдийгөө хөгжүүлэхэд нь хэрхэн туслахаа мэддэг аж. Тэрээр хэлэхдээ бүх сүнсэнд ийм энерги байдаг бөгөөд ийм учраас хүн бүрээс ийм зүйл цацардаг гэв.

Түүний хэлснээр миний энергийн түвшин түүнийхтэй адил боловч хүн болж төрсөн учир давтамж нь сул байдаг ажээ. Хэрэв би сүнсээ хөгжүүлэхээр шийдэж түүнээс авшиг авах юм бол түүний надад өгөх эрчим хүчний тусламжтайгаар миний энергийн түвшин түүнийхтэй адил болон өсч болох аж. Тэр мөн энэ гариг дээр энергийн давтамж сул учраас хүн нүдээрээ харж чадахгүй олон зүйлийг сүнс олж хардаг гэв. Тэр мөн надад модны сүнсийг харуулсан ба үүнийг би бодит нүдээрээ олж харж чадахааргүй байв.

Тэр мөн өндөр давтамжтай биетүүд Дэлхий дээр амьдардаг ба тэдгээр нь хүн биш бөгөөд Дэлхийн нэг хэсэг болохыг тайлбарлав. Эдгээр биетүүд дэлхийн биет амьдралыг хамгаалж байдаг аж. Эдгээр биет бидний байгаль гэж нэрлэдэг зүйлийг хамгаалдаг байна. Эдгээр биетүүд хамтран байгалийн бүхий л зүйл хамгаалагдан, эрүүл энх байхад анхаардаг аж. Гариг дэлхий эргэж байх цагт эдгээр эфирэн биетүүд байгалийн тэнцвэрийг барин байх аж.

Түүний хэлснээр Дэлхий гэж нэрлээд байгаа гаригт маань өөр нэртэй аж. Дэлхийг үнэндээ Гайа гэж нэрлэдэг гэнэ. Гайа өөрийн гэсэн энергитэй бөгөөд үнэндээ амьд биет ажээ. Би түүнээс Гайагийн энергийг харж болох уу гэхэд тэр бид Гайаг холоос харж энергийг мэдэрнэ гэлээ. Цорын ганц хүн төрөлхтөн л Гайаг өөрсдийн хүссэнээр ашиглаж болох аж. Хүмүүс Гайа дахь энергийн дагуу эвтэй амьдарвал энэ нь Гайад тустай хэрэг болно. Хэрэв хүмүүс Гайаг буруу ашиглавал Гайагийн энергийн бүтэц өөрчлөгдөн гэмтэх аж. Хүн ой модыг устгаснаар энергийг нөхөж боломгүй хурднаар устгаж байгаа аж. Гайа их хүчтэй байсан боловч хүн төрөлхтөн нөөцийг ертөнцийн хуультай тэнцвэргүй арга замаар ашиглах болсноор мэдэгдэхүйц хүч чадалгүй болоод байгаа аж.

Би түүнээс задгай сансарт гарч Гайагийн энергийг харж болох уу гэхэд тэр зөвшөөрсөн юм. Тэрээр бид хүсвэл хаашаа ч явж болно гэдгийг хэлэв. Би бодлоо төвлөрүүлж, түүнд итгэхэд бид задгай сансарт гарсан байлаа. Тэндээс би Гайаг бүхэлд нь харж байв. Энэ үнэхээр үзэсгэлэнтэй байв. Би Гайагийн эргэн тойрон дахь аураг харж байлаа. Энэ аура надад ихээр нөлөөлсөн юм. Би энэ үзэсгэлэнт газрыг үнэн сэтгэлээсээ хайралсан. Би Гайаг хөдлөхийг сонссон бөгөөд энэ дуу чимээ бол Гайад орж гарч буй энерги ажээ.

Биет надад Гайа бол хамгийн өвөрмөц гариг бөгөөд учир нь хүн энд үргэлжийн мөнхөд амьдарч байхаар бүтээгдсэн гэж хэлсэн. Энэ бол сүнснүүдэд тоглож, сурч, өсч байхад зориулагдан бүтээгджээ. Тэрээр хэлэхдээ Гайа дээрх байгалийн баланс нь сүнсийг хүний биед орж байхаар бүтээгдсэн аж. Байгаль суларсан давтамжийг нөхөж байхын тулд оршдог ба сүнснүүд өөрт нь туслах энергитэй холбоотой байх зуураа хүний биед орж, дасан зохицоход зориулагддаг аж.

Тэр мөн хүн бол Гайа дээр үүрдийн мөнх амьдарахаар бүтээгдсэн Бурханы бүтээл бөгөөд “үхэх” ёсгүй гэж хэлэв. “Үхэх” гэдэг бол хүний бүтээсэн ойлголт төдий бөгөөд сүнсний ертөнцөд төдийлөн ач холбогдолгүй аж. Хүний үхэх шалтгаан бол тэд байгалийн балансаас тасарч өөрсдийн бүтээсэн зүйлдээ өртөцгөөх болсон ба байгаль, ертөнцийн хуулийг зөрчсөнтэй холбоотой байдаг гэнэ. Түүний хэлснээр бол хүн байгальд тэнцвэртэй амьдрах боломжгүй болжээ. Хүн төрөлхтөн үлдэхийг хүсвэл, Гайа дээр мөнхөд амьдрахыг хүсвэл байгалийн тэнцвэртэй амьдралд суралцах хэрэгтэй аж. Түүний хэлснээр хүн энэхүү эв зохицолын талаар суралцах боломжтой хэвээр байгаа бөгөөд энэ нь дэлхий дээрх хүн төрөлхтний дараагийн хамгийн том зорилго ажээ. Хүн үүнийг хэзээ нэгэн цагт ойлгох боловч, үүнийг бүрэн дүүрэн ухаарч, хийсэн бүх зүйлээ нөхөх тэр үед асар их гарз хохирол учирсан байх болно гэдгийг тэр хэлсэн.

Дараагийн хэсэгт Нарны аймгийн бусад гаригуудаар хийсэн аялалын түүхийг оруулна.