2012/11/25

Метафизик Аялал


David Oakford –ийн Үхэлтэй Учирсан Түүх
1979 оны зун David Oakford 20 настай байсан бөгөөд амьдрал нь нэлээд асуудалтай, өөртөө итгэлгүй нэгэн байсан. Сэтгэл санааны амар тайван байдлыг эрэлхийлсэн боловч бүх зүйл нэг л болж өгөхгүй учраас өөрийгөө хаягдсан, ганцаардмал болохыг мэдэрч гутралд орсон байлаа. Нэгэн удаа тэрээр үхэлтэй учирч үзжээ. Түүний түүх бол хамийн гайхалтай түүхүүдийн нэг юм.
Хувь Тавилангаар Учирсан Өдөр
Би газар хэвтэж тэнцвэртэй байдлыг хадгалахыг, бодит байдлаас тасрахгүйг хичээж байлаа. Буцаж ирэхийн тулд ингэх хэрэгтэй гэдгийг би мэдэж байв. Миний санаж байгаа дараагийн зүйл бол би найзынхаа машинд суугаад явж байлаа. Миний бодлоор бол бид хойд зүгт явж Макинавын Гүүрээр яваад буцаж ирсэн шиг санагдана. Хүүхэд байхдаа амьдардаг байсан гэрийнхээ хажуугаар өнгөрхөд аав, ээж  хоёр минь гадаа довжоон дээр сууж байх нь харагдсан.

Би яагаад ч юм моддын зүг татагдаад байгаагаа мэдэрсэн. Би модны эрчийг харж бүр мэдэрч байв. Үндсийг нь газрын гүн лүү явж орсон байхыг харсан. Бүр газрын гүн лүү орсон хэсгийг нь бодитоор харсан юм. Би энэ бүхний дараа найзууддаа машинаар зугаалсан тухайгаа ярьтал тэд намайг довжоон дээр тасран унасны дараа сандал дээр зөөж аваачсан гэдгийг хэлэв.

Би үнэндээ найзуудын хэлсэн сандал дээр сэрж ухаан оров. Сэргэх үедээ би биеийнхээ эрхтнүүдийг тус бүрээр нь болон бүхэлд нь мэдэрч байв. Эргэн тойронд манай найзууд байсангүй. Би байшингийн бүх өрөөг нэгэн зэрэг харж чадаж байлаа. Хөгжмөөр Doors-н "Absolutely Live" цомог эгшиглэх ба хэтэрхий чанга дуугарч байгаа юм шиг надад санагдаж байв. Найзууд байхгүй байсан тул би өөрөө босч, хөгжмийг намтгах гэтэл болохгүй байв. Юу ч хийсэн хөгжим явсаар л байлаа. Дуу чимээнд би тэсч чадахгүй байсан ба яагаад дууг нь суллаж чадахгүй байгаагаа өөрөө ч ойлгохгүй байв.

Би найзуудыгаа дуудсан боловч хэн ч ирсэнгүй. Хөгжмийг салгах гэтэл бас болсонгүй. Залгуурт хүрэхийг оролдтол яагаад ч юм баригдаж өгөхгүй байлаа. Хөгжмөөр зөвхөн "LA Woman" гэдэг дуу явсаар л байх бөгөөд дуу чимээ миний дотор байгаа мэт нүргэлж байв. Би байшин дотуур найзуудыгаа дуудан хаа сайгүй гүйсэн ч хөгжим хэтэрхий чанга байсан тул миний дуу сонсогдохгүй байлаа. Гадагшаа гарахыг оролдтол хаалганы бариул тэмтрэгдэхгүй байв. Би гадаа өдөр болж буйг харсан ч гарч чадахгүй байлаа. Эцэст нь ванны өрөөнд нуугдан дуу чимээнээс зугтахыг ородов. Тэгээд толинд харах гэтэл өөрийгөө олж харж чадсангүй. Би маш их цочирдон айв.

Тэгээд буцаад том өрөөнд ортол миний бие сандал дээр сууж байлаа. Яг л унтаж байгаа юм шиг харагдаж байв. Би өөр өөрийгөө гаднаас нь харж байгаагаа үнэхээр гайхав. Би гав ганцаараа болсон байв. Тэгээд үнэхээр айж цочирдсон байлаа. Биендээ буцаж орохыг оролдсон ч чадсангүй. Бас газарт гишгэхгүй харин агаарт хөвж байв. Тусламж дуудсан ч хэн ч ирсэнгүй. Гарах гэсэн боловч бариулд хүрч чадахгүй байлаа. Би айж, ганцаардан, юу хийхээ мэдэхгүй байв. Надад юу тохиолдоод байгааг ойлгохгүй байлаа.

Би бурхнаас надад туслаач гэж гуйв. Тэр үед би бурханд итгэдэг байсан боловч ийм хогийн амьдрал өгсөнд нь уур хүрч байдаг байв. Бурхан тийм л бүхнийг чаддаг, бүгдийг мэддэг байсан юм бол бүхий л амьдралын минь туршид ингэж зовоохгүй байсан гэж боддог байлаа. Яг энэ үед надад Бурхан туслана гэж бодсон бөгөөд үр дүн нь эерэгээр эргэсэн юм.

Би хаалганы гадна үзэсгэлэнтэй зүйл зогсож байхыг харлаа. Түүний хөл нь газарт шүргэхгүй харин агаарт ууссан мэт харагдаж байв. Тэрээр эрэгтэй ч юм шиг эмэгтэй ч юм шиг харагдах бөгөөд залуухан байлаа. Түүний хүйсийг тодорхойлж боломгүй байв. Үс нь долгионтой бөгөөд надтай ойролцоо өндөртэй байв. Түүнийг тойроод туяа татсан байв. Хамгийн дотор талын туяа нь ногоон тэгээд хөх, дээд хэсэгтээ цагаан байлаа. Тэр надад “би чамд туслахаар ирлээ” гэж хэлэв. Гэвч түүнийг ярьж байхад нь ам нь хөдөлсөнгүй. Би түүний хэлэлхийг чихээрээ сонсоогүй боловч яагаад ч юм ингэж хэлж байхыг нь мэдэрсэн юм.

Би түүнийг харж, надтай ярихыг үзээд айхаа болив. Урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан, тав тухтай байдлыг мэдэрч байв. Энэ амар амгаланг насан туршдаа хайсан мэт санагдаж байв. Уг мэдрэмж тун ойр дотно бөгөөд хэзээ нэгэн цагт мэдэрч байсан боловч энэ амьдралдаа л лав биш гэдгийг би мэдэж  байв.

Энэхүү гайхамшигтай биет намайг нэгэн нэрээр дуудаж байсан боловч одоо санахгүй байна. Би түүнд хүн андуурсан юм шиг байна, энэ миний нэр биш гэж хэлсэн. Тэр инээгээд намайг агуу “их багш” байсан бөгөөд харин хэн байснаа мартаж орхисон болохыг хэлэв. Би түүнд итгээгүй. Учир нь би өөрийгөө “их багш” байсан эсэхийг мэдэхгүй бөгөөд хэрвээ тийм их багш байсан юм бол миний амьдрал ийм их асуудалтай байхгүй байх байсан гэж бодов. Би өөрийгөө нүгэлт амьтан гэж боддог байсан бөгөөд яагаад гэвэл амьдралын минь туршид олон хүн надад ингэж хэлж байсан юм.

Тэр надад өөрийнхөө нэрийг хэлсэн боловч би мартаж орхиж. Тэрээр надтай үргэлж хамт байсан бөгөөд миний амьдрал үнэхээр хэцүү байсныг мэднэ, тэгээд шаардлагатай бол яагаад энэ бүхэн ийм байгааг ойлгоход туслана гэв. Тэр намайг өөрийгөө хэн байсныг санахад туслана гэж хэлэв. Тэрээр намайг өөрт нь итгэхгүй бол ойлгоно гээд мөн тэр миний талаар бүгдийг мэднэ гэдгийг батлахыг санал болгов.

Тэр надад хүүхэд байхад минь хийдэг байсан зүйлсийн талаар хэлж надтай үргэлж цуг байснаа баталсан юм. Тэр надад зөвхөн миний мэдэх зүйлсийг хэлсэн. Мөн намайг хүссэн газраа очиж болох ба, хэрхэн тэгэхийг зааж өгнө гэлээ. Буцаж ирээд биендээ орж болох ба биетэйгээ ямар нэг хэлбэрээр холбогдсон байх тул санаа зоволтгүй гэв.

Бид бие биетэйгээ бодлоороо ярилцаж байлаа. Түүний царай үргэлж аз жаргалтай байв. Би түүнд Египет, Баруун Өмнөд Америкийг үзэхийг хүсч байгаагаа хэлэв. Түүнд бүрэн дүүрэн итгэж, хаана очихыг хүсч байгаагаа бодох төдийд л бид оччихсон байх болно гэж тэр хэллээ. Би пирамидын тухай бодмогц бид тэнд нэн даруй оччихсон байлаа. Би яагаад пирамидыг сонгосноо мэдэхгүй, зүгээр л толгойд орж ирмэгц л ийшээ хүрээд ирсэн байв. Тэнд байх хугацаанд тэр надад пирамидууд болон Египетийн тухай зарим зүйлийг хэлж өгсөн ч би одоо санахгүй байна. Түүний хэлсэн зүйлсийг санахыг маш их хүсч байна. Учир нь эдгээр зүйл асар их ач холбогдолтой бөгөөд хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой байсан гэдгийг би мэдэж байсан юм.